Ч.Наранбат: Улиастай сумын 16 иргэн, аж ахуй нэгжид сум хөгжүүлэх сангаас 203 сая төгрөгийн зээлийг олгосон байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-10-04 18:44:33

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн төв Улиастай сум нь 5000 гаруй өрх, 20 орчим мянган хүн амтай. Тус сумын өвөлжилтийн бэлтгэл ажил, суманд хийж буй томоохон бүтээн байгуулалтын ажил болон цаг үеийн асуудлаар Улиастай сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Наранбаттай уулзаж ярилцлаа.

-Улиастай сумын өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

-Сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А\176 тоот захирамжаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын баг байгуулж, дөрвөн зорилтот арга хэмжээний 27 заалт бүхий төлөвлөгөө гарган, хэрэгжилтэд тогтмол хяналт тавин ажиллаж байна. Улиастай суманд үйл ажиллагаа явуулж буй 20 халаалтын зуухууд жилд дунджаар 14000 тонн нүүрсний татан авалт хийдэг.

Өнөөдрийн байдлаар уурын зуухууд 2000 орчим тонн нүүрсний нөөцтэй байна. Нүүрс татан авалтыг 9 дүгээр сарын эхээр хийж эхэлсэн. Зуухны барилгын гадна дотор тал, дулаан дамжуулах гадна шугам сүлжээнд хийх засвар үйлчилгээ,  нүүрсний үнсийг ачуулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. "Илчит наран" ХХК, "Ган доной" ХХК халаалтын зуух өөрийн барилга, шугам сүлжээ, тогоогоо бүрэн сольж байгаа. 10 дугаар сарын 15-ны дотор халаалтын зуухуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусах төлөвлөгөөтэй байна.

Харин “Амь-Ус” трейд Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бохир усны насос станц №2-ын халаалтын системийг шинэчилж лагийг зайлуулсан байна. Мөн хоёрдугаар өргөлтийн станцын засварыг хийсэн. Ус түгээх байруудын модыг бэлдсэн. Бохир болон цэвэр усны шугам сүлжээний 30 ширхэг худгийн тагийг өндөрлөж засварласан байна.

Түүнчлэн өвөлжилтйн бэлтгэл ажлын хүрээнд Улиастай сумын нийтийн орон сууцны орцны хаалгыг шинэчлэх ажлууд хийж байна. Тухайлбал 16 орцны модон хаалгыг орчин үеийн чиптэй дулаалгатай төмөр хаалгаар сольсон. Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын байранд гадна пасад хийж дулаалах ажлын тендер зарлагдаж байгаа. Энэ жил сумын сургууль, цэцэрлэг болон айл өрхийн түлшний хэрэгцээний 8400 метр куб модыг татан авахаар Идэр сумтай гэрээ байгуулан ажиллаж байна.

Харин Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨХК цахилгааны найдвартай эх үүсвэрээр тасалдалгүй хангах засвар, шинэчлэлтийн ажлыг графикийн дагуу хийгээд байна. Тухайлбал Чигэстэй багийн Баянхайрхан хэсэгт хүчдэлийг сайжруулж шинээр 150 метр шугам татаж, 20 гаруй айл өрхийн  цахилгааны хэрэглээг сайжруулсан. Мал аж ахуй болон хот суурины өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хуваарийн дагуу хийж 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

-Улиастай суманд энэ жил хэчнээн толгой мал өвөлжих вэ? Хадлан тэжээлийн нөөц хэр байна? Малчид хадлангаа бүрэн авч чадсан уу?

-Манай сум мал бэлчээрлэх газар хомс. Тиймээс энэ өвөл, хавар сумын 295 малчин өрхийн 147255 толгой мал Алдархаан, Завханмандал, Идэр, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут суманд өвөлжих төлөвтэй байна.

Малчин, мал бүхий өрхүүдийн бэлтгэхээр төлөвлөсөн хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэлт одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй. Сумын аюулгүй нөөцөд 21,6 тонн өвс бэлтгээд байна. Засаг даргын нөөц сангаас өвс тэжээлийн нөөц нэмж бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.

-Улиастай сум бол аймгийн нийт тариаланчдын гол бүс нутаг. Энэ жил хэчнээн тонн хүнсний ногоо хураан авсан бэ?

-Улиастай сум нийт 222 тариаланчтай. Урьдчилсан байдлаар төмс 672.4 тонн, хүнсний ногоо 434.481 тонн, ногоон тэжээл 181,4 байгалийн хадлан 384 тонныг хураан аваад байна.

-Энэ жил улаан хальст саримсны тариалалт хэр байв. Тариаланчдыг хэрхэн дэмжиж ажиллав?

-Сумын хэмжээнд 2020 онд 8.9 га газар улаан хальст саримсны тариалалт хийж 23.5 тонн ургац хураан авсан. Харин энэ онд 11.57 га талбайд тариалалт хийж 25.353 тонн улаан хальст саримс хураан авсан байгаа. Улаан хальст саримсны үрийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас 17 иргэнд 80 кг, сумын ЗДТГ-аас 29 иргэнд 78,3 кг гээд нийт 46 иргэнд 158,3 кг үнэгүй үрийг олгосон. Тийм ч учраас энэ жил улаан хальст саримсны ургац арвин байлаа. Мөн сум хөгжүүлэх сангаас гурван тариалан эрхлэгчид 46 сая төгрөгийн зээл олгож дэмжин ажилласан.

-Улиастай бол аймгийн төвийн сум. Тэр ч утгаараа жил бүр гудамж талбайн өнгө үзэмж, тохижилтод багагүй хөрөнгө гаргаж ажилладаг. Гудамж төслийн хүрээнд төвийн хэсгийн автозамын цогц бүтээн байгуулалт хийж байгаа. Энэ ажил хэр түвшинд явж байна вэ?

-Гудамж төслийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Энэ сард засвар шинэчлэлтийн ажлууд бүрэн дуусаж хүлээлгэж өгнө. Энэ төслийн хүрээнд 212 ширхэг гэрэлтүүлэг нэмж суурилуулж, хуучин ашиглаж байсан 58 гэрэлтүүлгийг алслагдсан баг болох Өлзийт багт зөөж суурилуулсан.

-Улиастай суманд улсын төсвөөр барьж байгаа хэчнээн барилга байна. Барилгын ажлын явцууд хэдэн хувьтай байна вэ?

-Энэ жил улсын төсвөөр төвийн нэгдүгээр цэцэрлэгийн барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй. Ирэх 11 дүгээр сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Мөн 9-р цэцэрлэгийн барилга 50 хувь, Ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн барилгын ажил 70 хувьтай байна. Энэ жил тус сургуулийн спорт заалны барилгын ажлыг үлдээж, хичээлийн байраа ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.

Харин аймгийн Прокурорын барилга 100 хувь ашиглалтад орсон. Аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилгын ажил 70 хувьтай. Ирэх жил ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Аймгийн Боловсролын газрын  барилга 10 хувьтай байна.

-Энэ жил Улиастай суманд Сум хөгжүүлэх сангаас нийт хэчнээн иргэн хөнгөлөлттэй зээл авав? Өнгөрсөн жилүүдийн зээлийн эргэн төлөлт хэр байна вэ?

-Энэ жил сум хөгжүүлэх сангаас зээл хүссэн иргэд хүнс, хоол үйлдвэрлэл, хөдөө аж ахуй газар тариалан, фермерийн аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, барилгын материал үйлдвэрлэл, мод модон эдлэл үйлдвэрлэл, төмөр эдлэл үйлдвэрлэлийн чиглэлээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх төлөвлөгөөтэй байна. Тухайлбал, 2021 онд 16 иргэн, аж ахуй нэгжид сум хөгжүүлэх сангаас 203 сая төгрөгийн зээлийг олгосон байна.

Иргэд ер нь бүхий л үйлдвэрлэлийн чиглэлээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой байгаа нь ирж буй төслүүдээс харагддаг. Мөн бизнес эрхлэгчид оёдол, модон эдлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйгаа өргөтгөхөөр зээл хүсдэг. Энэ оны зургаадугаар сард Монгол банкны мэдээллийн сантай холбогдсоноор өмнөх онуудын эргэн төлөлт нэлээд сайжирч байна. Ер нь сум хөгжүүлэх сангийн зээлийг олгохдоо сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын дагуу хэрэгжүүлэн ажилладаг. Тиймээс ямар нэгэн маргаан, үл ойлголцол, зээлийн эргэн төлөлтийн хүндрэл бага гардаг. Ер нь сум хөгжүүлэх сан болон орон нутгийн хөгжлийн сангууд нь иргэдэд зориулагдсан маш хэрэгтэй сангууд юм. Тухайлбал орон нутгийн хөгжлийн сан орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэдэд тогтвор суурьшилтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө нь иргэдийн саналд тулгуурлан зарцуулах ёстой “мөнгө” юм. 

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг юунд зарцуулдаг вэ?

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг иргэдийн санал авсан, нийтийн эрх ашигт нийцсэн, олон хүн ашгийг нь хүртэж болох хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд зарцуулна. Өөрөөр хэлбэл иргэн зөвхөн өрх, хувь хүнд тулгамдсан асуудлаас илүүтэй олон нийтийн эрх ашигт нийцсэн санал гаргавал цаашид эрэмбэлэхэд дэмжигдэх магадлал нэмэгдэнэ гэсэн үг. 

Иргэн бүр орон нутгийн хөгжлийн санд саналаа өгөх нь нээлттэй байдаг. Тухайлбал, сумын ЗДТГ-аас явуулсан санал асуулгын хуудас бөглөх. Бүлгийн ярилцлага хийх. Цахим болон техник, технологийн дэвшилтэт аргаар иргэн бүр санал өгнө. Харин жил бүрийн нэгээс тавдугаар сард баг, хорооны Засаг дарга иргэдээс санал авах ажлыг зохион байгуулна. Энэ нь тухайн баг, хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, зохион байгуулалтаас хамааран нэгээс тавдугаар сарын хооронд аль ч хугацаанд байж болно. Гагцхүү Иргэдийн нийтийн хурлаас өмнө саналаа бүрэн авч, тавдугаар сарын 31-нээс өмнө санал эрэмбэлэх Иргэдийн нийтийн хурлаа хүчин төгөлдөр ирцтэйгээр хийнэ. 

-Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ямар ялгаатай вэ?

-Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зэрэг нь аж ахуйн нэгж, хувь хүнд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгодог сангууд юм. Харин Орон нутгийн хөгжлийн сан бол орон нутгийн төсөв хуваарилагддаг зарчмаар хуваарилдаг орон нутгийн төсвийн нэг хэсэг юм. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зөвхөн иргэдийн санал авч, баталгаажсан хөрөнгө оруулалтуудад зарцуулах учиртай. Тиймээс Орон нутгийн хөгжлийн сан бол зээл олгодог сан биш. Зөвхөн нийтийн эрх ашигт нийцсэн бүтээн байгуулалтуудад, иргэдийн саналаар зарцуулах хөрөнгө юм. Орон нутгийн төсвөөр зам барих ажлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь баталдаг шиг иргэн замтай болох саналаа гаргаж түүнийгээ хийлгэх боломжийг олгож буй иргэдийн мэдэн зарцуулах хөрөнгө юм. 

-Улиастай суманд ковидын халдварын тархалт өндөр байгаа. Эмнэлгүүдийн ачаалал хэр байна вэ?

-Аймгийн төвийн сум учраас цар тахлын тархалт их байгаа. Өрхийн эмнэлгүүдийн ачаалал ч их байна. Аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн захирамжаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа.

Улиастай сумын хэмжээнд Короновирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 16918, хоёр дахь тунд 18192, гуравдугаар тунд 1556 хүн хамрагдсан байна. Мөн 12-17 насны 1273 хүүхэд тус тус хамрагдсан байна.

Одоогоор сумын өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад 661 иргэн эмчлүүлж байна. Мөн ковидын нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр эмчлүүлж буй иргэдийн эрүүл мэндийг хянаж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажилд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмад эмч, мэргэжилтнүүд хамтран ажиллахаар болсон.

Завхан аймгийн онцгой комиссын 9 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу сумын Засаг даргын нөөц сангаас голомтод ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн нэг удаагийн хамгаалах, хувцас хэрэгслийн нөөц, хангалтыг сайжруулах арга хэмжээг авч ажиллаж байна. Гэсэн хэдий ч цар тахлын халдварын тоо буурахгүй байна. Эмнэлгүүдийн ачаалал их байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Тиймээс иргэддээ хандаж хэлэхэд цар тахлын энэ үед айлд зочлохгүй байх, гэртээ зочин урихгүй байх. Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байхыг зөвлөж байна. Цар тахлын үед хүн хоорондын зайг баримтлах, амны хаалтыг олон нийтийн газарт байнга зүүх. Гарын ариун цэврийг чанд баримтлах гэхчлэн зөвлөмжүүдийг иргэдэд цахимаар болон зурагт хуудсаар дамжуулан байнга хийж байна.

Ташрамд эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг баримтлах. Халдвараас урьдчилан сэргийлэх, илэрсэн тохиолдолд Өрхийн эрүүл мэндийн төвийн 70463745, 70462387 дугаарын утсанд хандан зөвлөгөө мэдээлэл авахыг иргэддээ дуулгаж байна.

-Танд баярлалаа.

相关新闻