Дөрвөлжин суманд оршин сууж ажиллах гадаад иргэдийн тоо өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-10-05 20:02:56

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт зургаа ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа гадаад иргэд ихэвчлэн уул уурхайн салбарт ажиллаж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Зургаа ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа гадаадын харьяат иргэдийн тоо 2010 оноос 31.1 хувиар буурсан байна. Тэдний дотор АНУ-ын иргэн 10 буюу 32.3 хувийг, БНХАУ-ын иргэн долоо буюу 22.6 хувийг нь эзэлж байна. Харин ОХУ-ын иргэн дөрөв буюу 12.9 хувийг, Герман, Канад, Австрали, Франц, Филиппин, Индонез, Тайланд улсын иргэд байна. Эдгээр иргэдийн 35.5 хувь нь Улиастайд, 29.0 хувь нь Дөрвөлжин, 25.8 хувь нь Тосонцэнгэл суманд байна. Мөн Тэс, Тэлмэн суманд амьдарч байна.

Гадаадын харьяат иргэдийн эзлэх хувийн жин 2010 оноос Улиастай хотод 2.3 пунктээр, Тосонцэнгэл суманд 14.2 пунктээр тус тус буурчээ. Харин Дөрвөлжин суманд амьдарч байсан гадаад иргэдийн эзлэх хувь 22.3 пунктээр өссөн байна. Энэ тоо нь 2020 онд хийсэн хүн ам орон сууцны тооллогын үеийн дүн мэдээ юм.

Завхан аймагт байнга оршин суугаа гадаад иргэдийг өмнөх тооллогын дүнтэй харьцуулахад 15-24 насны хүн амын эзлэх хувь 9.4 пунктээр, 55 ба түүнээс дээш насны хүн амын эзлэх хувь 25.6 пунктээр өссөн байна. Завхан аймагт амьдарч байгаа гадаадын харьяат иргэдийн 70 орчим хувь нь 25, түүнээс дээш насны хүн ам буюу хөдөлмөрийн насны хүн ам байна гэв. 

相关新闻