Томуугийн вакцинд 64 жирэмсэн эх хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт улирлын томуугийн вакцинд 2-11 насны нийт 7266 хүүхэд хамрагджээ.
Хүйтний улиралд томуу, томуу төст өвчлөл ихэсдэг учраас урьдчилан сэргийлэх ажлыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж, сайн дурын үндсэн дээр томуугийн вакцинд хамруулах ажлыг аймгийн хэмжээнд 9-р сарын 13-23-ны өдрүүдэд зохион байгуулж, бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийг хамруулсан. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд коронавирусний халдвар авах нь ихэссэн.
Мөн цар тахлаас
гадна томуугийн халдварын дэгдэлт эхэлж буйтай холбоотойгоор томуу, томуу төст
өвчний халдвар их байгаа юм. Манай аймагт томуугийн 7780 хүн тун вакцин ирсэн.
Вакцины тоогоор зорилтот хүн амыг хамруулсан байна. Тухайлбал аймгийн хэмжээнд
хоёр настай 416, 3-5 настай 1935, 6-11 настай 4915 хүүхэд хамрагджээ.
Харин 16-24 настай жирэмсэн 16 эх, 25-34 настай 35, 35-39 настай 10 гээд аймгийн хэмжээнд нийт 64 жирэмсэн эх томуугийн вакцинд тус тус
хамрагджээ. Аймгийн хэмжээнд 2-11 насны хүүхдүүдийн 50 хувь нь томуугийн
вакцинд хамрагдсан талаар аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Э.Ундармаа:
Томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцин юм
-Томуу томуу төст өвчний талаар мэдээлэл
өгөхгүй юу? Томуугийн вакциныг заавал хийлгэх ёстой юу?
-Томуу бол вирусээр үүсгэгддэг өвчин бөгөөд вирустэй хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халддаг. Тиймээс томуугийн вакцинд хамрагдах нь халдварын эрсдэлээс сэргийлнэ. Ханиад томуугийн шинж тэмдгүүд ихэвчлэн гурваас таван өдөр үргэлжилнэ. Ихэнхдээ бүрэн эдгэрдэг ч зарим хүмүүс хүндээр өвддөг. Бага насны хүүхэд, 65-аас дээш насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны өвчтэй, чихрийн шижин болон бусад архаг өвчтэй хүмүүсийн суурь өвчин сэдэрч хүндэрдэг.
Дэлхийд жил бүр
олон хүн ханиад томуугийн улмаас нас бардаг. Үүнээс урьдчилан сэргийлэх
хамгийн найдвартай арга бол вакцинжуулалт юм. Томуугийн вакцин нь ханиад
томуунаас сэргийлэх дарxлаа тогтоох чадвар бүxий тарилгын шингэн бөгөөд ДЭМБ-аас зөвлөмж болгодог Солонгосын Green Cross үйлдвэрийн
GC FLU томууны вакциныг улирлын
ханиад томуугаас урьдчилан сэргийлэхэд хэрэглэж байна. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан
БНСУ-аас 360 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авсан. Энэхүү вакцинаас
манай аймагт 7780 хүн тун вакцин ирснийг хамрагдвал зохих зорилтот
иргэддээ хийсэн.
-Томуугийн вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай ямар хүмүүс
байна вэ?
-Улирлын томуугийн вакцинд сургууль, цэцэрлэгийн насны
хүүхэд, эрүүл мэндийн болон үйлчилгээний байгууллагын ажилтан, архаг өвчний
улмаас эмнэлгээр байнга үйлчлүүлдэг хүмүүс. Мөн амьсгал болон зүрх судасны
тогтолцооны архаг эмгэгтэй, хүн ам шигүү суурьшсан хот суурингийн хүмүүс
байдаг. Вакцины заалтаар улирлын ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор
зургаан сараас дээш бүx насны xүмүүс хэрэглэнэ. Тунгийн хувьд 6-35 сартай
хүүхдэд 0.25мл тарилгаар нэг удаа хийдэг. Харин гурваас дээш настай хүүхэд
болон насанд хүрэгчдэд 0.5мл тарилгаар нэг удаа булчинд тарина. Өмнө нь ханиад томуугийн вакцин огт хийлгэж байгаагүй эсвэл ханиад томуугийн xалдвар
авч байгаагүй 9-өөс доош насны хүүхдэд давтан тун хийх ба бусад тохиолдолд
давтан тун хийхгүй.
-Вакцины эсрэг заалт бий юу?
-Өмнө нь томуугаас сэргийлэх тарилгын үед хэт мэдрэгшлийн
хариу урвал илэрч байсан бол эсрэг заалттай. Мөн өндөг, тахианы мах болон
тахианы бусад бүтээгдэхүүнд мэдрэг хүмүүс. Тарилга хийлгэхээс өмнө нэг жилийн
дотор булчин татах өвчнөөр өвчилсөн хүмүүс эсрэг заалттай. Мөн нэмж хэлэхэд
вакцин хойшлуулах заалт бий. Энэ нь ханиад бүрэн эдгээгүй, халуурсан,
ханиалгасан, нус гоожсон гэх мэт шинж тэмдэг илэрсэн үед вакцин хийлгэхгүй. Бусад
товлолт вакцин хийлгэснээс хойш нэг сарын хугацаа өнгөрөөгүй бол эсрэг
заалттай.
-Томуугийн вакцины хариу урвал нь?
-Тарилга хийсэн газар улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг
газрын шинж, мөн халуурах, толгой өвдөх, ядрах, бөөлжих зэрэг системийн шинжүүд
илэрч болно. Эдгээр нь ихэвчлэн хоёроос гурван өдрийн дотор арилдаг. Маш ховор
тохиолдолд харшлын урвал, анафилаксийн шок илэрч болно.
-Вакцин хийлгэсний дараа иргэд юуг анхаарах вэ?
-Томуугийн вакцин хийлгэсний дараа дараах урвалууд илэрнэ. Тухайлбал вакцин тарьсан газар 12-24 цагийн дараа улайх, хавдах, хөндүүрлэх шинж илэрч, аяндаа арилна. Хөнгөн хэлбэрийн халуурах ба булчин өвдөх, үе мөч өвдөх, толгой өвдөх, чичрэх, хөлрөх, сульдах, ханиалгах зэрэг шинжүүд илэрч болно. Үүнд ямар нэг эмчилгээ хэрэггүй бөгөөд урвал ихэвчлэн нэгээс хоёр хоногт арилна.
Хэт мэдрэмтгий хүмүүс дотор муухайрах, бөөлжих, анафилаксийн урвал, хэт мэдрэгшлийн урвал илэрч болох ба ихэвчлэн вакцин тарьснаас хойш 15-30 минутын дотор илэрдэг тул вакцин тарьсны дараа хэсэг хугацаанд ажигласны дараагаар гэртээ харьж болно. Вакцин хийлгэснээс хойш хоёр хоног ус хүргэхгүй байна.
Хэт
мэдрэгшлийн урвал илэрсэн, хэвийн бус шинжүүд илэрч байгаа тохиолдолд эмнэлгийн
яаралтай тусламжийн тасагт хандах хэрэгтэй. Мөн вакцин хийлгэж байгаа хүмүүс тарьсан хэсгийг цэвэр байлгах
дархлаажуулалтын дараах урвал илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах
хэрэгтэй. Томуугийн өвчлөл тархахаас сарын өмнө томуугийн эсрэг вакцин тариулах
хэрэгтэй. Түүнчлэн жирэмсэн болон хөхүүл үед вакцин хийлгэж болно. Гэхдээ эмчид
үзүүлж, хийлгэх эсэхээ шийдэх ёстой.
Хичээлийн
шинэ жил эхэлж, улирал солигдох энэ үед хүүхэд багачууд төдийгүй томчууд ч
томуугаар өвчилдөг. Томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь
вакцин хэмээн ДЭМБ-аас зөвлөдөг.
-Танд
баярлалаа.