Автомашингүй өдөрт 350 гаруй иргэн оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд хамруулахад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, дугуйн спортыг олон нийтэд сурталчлах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, зөв зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд "Автомашингүй өдөр 10000 алхам" үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ удаагийн үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, ЦГ, ЭМГ, БТСГ хамтран зохион байгуулж, нийт 18 байгууллагын 350 гаруй төрийн албан хаагч, иргэд оролцлоо.
Мөн энэ үеэр байгууллагын дарга нар төрийн албан хаагчдыг оролцуулсан спортын тэмцээнүүдийг зохион байгуулж, өдөр бүр бусдыгаа манлайлан дугуй унаж, ууланд авирч, өглөө бүр гүйдэг, идэвхтэй хөдөлгөөн хийдэг Мөрөн сумын 4 иргэнийг шагнаж урамшууллаа.
Мөрөн сум доторх гол зам, 1 дүгээр хорооны уулзвар, Хилийн цэргийн уулзвар, аюулгүйн тойрог, Нэгдсэн эмнэлгээс дотогш хөдөлгөөнийг 9.00-15,00 хүртэл түр хугацаагаар хязгаарлаж, төвийн хөдөлгөөнд иргэд авто машингүйгээр оролцож байна.