“Аялал жуулчлалын ITM 2021” үзэсгэлэн яармагт Хэнтийнхэн түнш аймгаар оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ![](/files/617b72f63858a.jpeg)
Хэнтий /МОНЦАМЭ/ 22 дахь жилдээ зохион байгуулж буй “Аялал жуулчлалын ITM 2021” Олон улсын үзэсгэлэн яармагт Хэнтийнхэн түнш аймгаар оролцож байна.
Улаанбаатар хотод гурван өдрийн турш өрнөх уг үзэсгэлэн
худалдаанд 21 аймгийн аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын төлөөлөл
оролцож байгаа юм.
Тодруулбал, Аялал жуулчлалын
салбартай нягт уялдаа холбоотой ажилладаг үйлчилгээний салбарын бизнес,
худалдаа, үйлчилгээг бодитойгоор таниулан сурталчлах, хөгжлийн чиг хандлагаа
аялал жуулчлалын салбартай ашигтайгаар холбох, эдийн засгийн хүртээмжтэй
өсөлтийг аялал жуулчлалаар дамжуулан нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний
сүлжээгээ өргөжүүлэх зэрэг бусад олон талын боломжийг бизнес эрхлэгчдэд энэхүү үйл ажиллагаа олгож байна.
Энэ жилийн тухайд Хэнтий аймаг түнш аймгаар сонгогдож,
аялал жуулчлалын бодлого, чиглэл, бүтээн байгуулалт, үйлчилгээний талаараа
давуу эрхтэйгээр оролцон сурталчилж байгаа юм.
Үзэсгэлэн яармагийн үеэр 2021 оны
үзэсгэлэнгийн түнш Хэнтий аймаг ирэх оны үзэсгэлэнгийн түнш Булган аймагт
шилжин явах туг гардууллаа. Энэ удаагийн
үзэсгэлэнд аймаг тус бүрээс 15-25 төлөөлөл ирж, аймаг бүрийн аялал жуулчлалын павильон ажиллуулж байна.
Хэнтий аймгаас Онон балжийн байгалийн цогцолборт газрын захиргаа, Хэнтий
аймгийн Музей, Батноров сумын Тожил дарханы үнэт үзмэрүүд, Ханбүргэд зочид
буудал, Хан Хэнтий чуулгын урлагийн тоглолт зэрэг үзвэр үйлчилгээнүүдээрээ оролцож
байна.
Энэхүү үзэсгэлэнгийн үр дүнд Монголын аялал жуулчлалын салбарын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний сүлжээг бий болгох, 21 аймаг, жижиг дунд үйлдвэрлэгч, хүнс үйлдвэрлэгч, соёл урлаг, гар урлал, цахим, харилцаа холбооны брэнд бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварын индексийг тодорхойлох, Орон нутаг, нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлдэг жуулчны бааз, бизнес эрхлэгчдийн үйлчилгээг дэмжих, хамтын ажиллагааг сайжруулах, бусад үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийг холбох, шинэ хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох олон давуу талтай юм.