Говь, цөлийн бүсийн 160 булгийн эхийг хашиж хамгаалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2021-11-08 10:39:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн таван жилд байгаль хамгаалагчид говь, цөлийн бүсийн 160 нүдэн булгийн эхийг хашиж хамгаалсан нь зэрлэг амьтан төдийгүй хүн, малыг ундаалах таатай нөхцөлийг бүрдүүлээд байна.


Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт зэрэг монгол орны говийн зэрлэг амьтдын  экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6”-г санаачилсан нь эдүгээ байгаль хамгааллын томоохон ажил болж өргөжжээ.  


Энэ жилийн үйл ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 3,4-нд Өмнөговь аймаг хариуцан амжилттай зохион байгууллаа. "Монголын говийг дэлхийд таниулна" уриатай тус уулзалтад Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь зэрэг  аймаг, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов. Энэ үеэр талууд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалах талаар өнгөрсөн хугацаанд ямар ажил хийсэн, цаашид юу хийхээ хэлэлцсэн юм.


Энэ жилийн хувьд хамтрагч талууд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад идэвх зүтгэлтэй ажиллаж багагүй хөрөнгө зарцуулжээ. Санхүүжилт ийнхүү нэмэгдэж байгаа нь говийн ховор амьтдын хамгаалал тэр хэмжээгээр сайжирч байна гэсэн үг юм.  Үүнд, зэрлэг амьтдад зориулсан  худаг гаргах, хөв цөөрөм байгуулах, булгийн эх хашиж хамгаалах, биотехникийн зэрэг амьдрах орчныг нь сайжруулах чиглэлээр хийсэн ажлууд орж байгаа юм.  Мөн талуудын идэвх, зүтгэлийн хүчинд говийн ховор амьтад амьдардаг зарим нутгийг улсын тусгай хамгаалалтад оруулж, хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэг сая га-гаар нэмэгдүүлжээ.  Сүүлийн таван жилд талууд говь, цөлийн бүсийн 160 нүдэн булгийн эхийг хашиж хамгаалсан нь зэрлэг амьтан төдийгүй хүн, малыг ундаалж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн харилцан шүтэлцээг хангасан ач холбогдолтой ажил болсныг оролцогчид онцолсон юм.

Уулзалтад хамтрагч талууд ирэх жил хийх зарим ажлаа төлөвлөж “Говь Гурван Сайханы тунхаг”- т тусгалаа. Үүнд, Говийн гайхамшигт 6” санаачилгыг нэгэн үзүүрт бодлогод чиглүүлэх  баримт бичгийг салбарын хөгжлийн бодлогод тусган хэрэгжүүлэхэд БОАЖЯ-наас дэмжлэг үзүүлэх нь чухал гэж үзлээ. Хэрвээ ингэж чадвал говийн ховор зэрлэг амьтдын хамгаалал нэг шат ахих боломжтой, тиймээс БОАЖЯ энэ асуудалд анхаарал хандуулж дэмжинэ гэдэгт найдаж буйгаа оролцогчдын олонх нь хэлж байлаа.

Энэ жилийн нэг онцлог нь Өмнөговь аймаг "Говийн гайхамшигт 6" зүйлийн хамгаалалд манлайлан оролцохоо илэрхийлсэн явдал байлаа. Тиймдээ ч энэ манлайллыг талууд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлжээ.

“Говийн гайхамшигт 6” зүйл амьтны өргөн уудам зайд нүүдэллэх нөхцөлийг бүрдүүлэх нь маш чухал байдаг. Энэ нь хамгааллын маш чухал ажил юм. Иймээс зэрлэг амьтдад ээлтэй жишиг гарц гарам байгуулах ажилд талууд хамтран ажиллах, ялангуяа зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бодлогын дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг “Говь Гурван Сайханы тунхаг”- т онцгойлон тусгажээ.  




相关新闻