“Mars-V” төслийн багийнхныг дэмжин ажиллахаа БОАЖ-ын сайд илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2021-11-08 12:54:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд сансрын судалгааны чөлөөт бүс байгуулахаар шаргуу хөдөлмөрлөж байгаа “Mars-V” төслийн багийнхныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хүлээн авч уулзжээ.


“Эх орныхоо говь, цөлийн газар зүй, уур амьсгалын онцлогийг давуу тал болгон олон улсад таниулах, аялал жуулчлалын хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлохоор ажиллаж байгаа “Mars-V” төслийн багийнханд салбарын сайд амжилт хүсээд бүх талаар дэмжин ажиллах болно” гэжээ.


Тооцоо судалгаанд үндэслэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн зохион байгуулалтай ажиллаж байгаа төслийн багийг Монгол орныхоо байгалийн өвөрмөц онцлогийг нарийн судалж, эдийн засгийн үр өгөөжтэй ажил эхлүүлсэн нь Аялал жуулчлалын салбарын хөгжилд шинэ брэнд болох боломжтойг Н.Уртнасан сайд онцлоод дэлхийн хөгжлөөс хоцорч биш угтаж, урагшилж байгаа залуусыг бүх талаар дэмжиж, бүтээлээ Монгол Улсын өнгө төрх, нэрийн хуудас болгох ёстой гэдгийг тэмдэглэлээ.


“Vision” буюу алсын хараа, “Victory” буюу ялалт. “V” гэдэг нь ромбо тавын тоо буюу аж үйлдвэрийн 5 дугаар хувьсгал гэсэн агуулгыг илтгэж байгааг төслийн санаачлагч С.Эрдэнэболд тайлбарлажээ.


Мөн “Дэлхий дээр байгаа 24 цөл дотроос долоо нь хасах градустай байдаг. Энэ долоо дотроосоо хамгийн хүйтэн, Марстай хамгийн ойролцоо орчин нөхцөлтэй нь манай говь. Монголын говь цөл нэмэх, хасах 40 градус хүрдэг. Манай улс зүүн өмнөд Азийн улс орнуудтай харьцуулахад өндөрлөг газар оршдог, улирал солигддог, хэт хуурай уур амьсгалтай. Энэ бол байгаль цаг уурын давуу тал гэдгийг эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрч байгааг онцлон танилцуулав.

Сансар судлалын салбар дэлхий дахинд сүүлийн 100 жилд эрчимтэй хөгжиж байна. Далайг гаталж шинэ газар нээх нь дундад зууны үеийн хүн төрөлхтний сорилт байсны адил шинэ гаргийг эзэмших хүсэл орчин үеийн сорилт юм.

 

Хүн төрөлхтний энэ тэмүүлэлтэй хөл нийлүүлж алхахын тулд манай залуус энэ салбарыг сонирхож, судлахгүй бол дэлхийн хөгжлийн ард үлдэнэ гэж төслийн гүйцэтгэх захирал Г.Амгаланбаяр хэллээ. “MARS-V” төслийн хүрээнд үндсэн 85, дэмжигч 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдсэн. Нэмээд 2300 хүн сайн дураараа оролцох хүсэлтээ илэрхийлсэн байна.


Төслийн хүрээнд Марс гарагтай хамгийн төсөөтэй орчин нөхцөлийг бүрдүүлсэн сургалтын бааз байгуулах, сансрын судалгаа, хөгжүүлэлтийн чөлөөт бүс бий болгох, дагуул хот байгуулах зэрэг үндсэн гурван зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.



相关新闻