Б.Энхбаатар: Улаан загалмайн хорооноос 29 сая төгрөгийн тусламжийг найман сумын 323 өрхөд үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Хүмүүнлэгийн чиглэлээр үүрэг гүйцэтгэж, гамшгийн менежмент, эрүүл мэнд,
нийгмийн халамжийн чиглэлээр олон талын үйл ажиллагааг явуулж буй Завхан аймгийн
Улаан загалмайн хорооны дарга Б.Энхбаатартай уулзаж ярилцлаа.
-Танай байгууллагаас олон нийтэд
зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагааг байнга зохион явуулдаг. Энэ жил ямар
хүмүүнлэгийн ажлуудыг хийв?
-Манайхаас жилд 5-6 удаа хүмүүнлэгийн үйл ажиллагааг тогтмол зохион явуулдаг. Энэ жил гэхэд нийт 29 сая 300 мянган төгрөгийн тусламжийг найман сумын 323 өрхөд үзүүлсэн. Тухайлбал цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт хөтөлбөрийн хүрээнд 21 сая төгрөгийн тусламжийг Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон сумын 50 өрхөд үзүүлжээ. Мөн ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэгийн тусламжаар нийгмийн халамжийн хөтөлбөрийн хүрээнд нэг сая, 200 мянган төгрөгийн тусламжийг Шилүүстэй сумын 20 өрхөд өгсөн байна.
Гамшгийн хөтөлбөрийн хүрээнд Улиастай, Завханмандал сумын гурван өрхөд таван сая
төгрөгийн тусламж, гэр олгосон байгаа. Улиастай, Тосонцэнгэл, Их-Уул сумын 250
өрхөд 21 сая төгрөгийн тусламж өгчээ. Нийгмийн
халамжийн хөтөлбөрийн хүрээнд ковид цар тахлын хүнд үед
Улиастай суманд 100 хөнжил, гудас, 50 хүүхдийн ор хандивласан. Гамшгийн хөтөлбөрөөс үер
болон цар тахлын улмаас орлого нь зогссон, орон гэргүй болсон 50 өрхөд
бэлэн мөнгө, ариун цэврийн багц, хөнжил гудас гэх мэт тусламжийг тус тус
олгосон.
-Жил бүр зорилтот бүлгийн хүүхдүүд, малчдад тусламжийн
гараа сунгадаг. Энэ талаар?
-Тийм ээ. Өнгөрсөн жил гэхэд Улиастай сумын ерөнхий боловсролын 2,3-р сургууль, 1-р цэцэрлэгийн нийт 534 хүүхдэд дулаан хувцас, хичээлийн хэрэглэл, гар ариутгагч, гарын шингэн савангийн тусламжийг үзүүлсэн байна.
Мөн онд 118 сая 600 мянган төгрөгийн тусламжийг 13 сумын 420 өрхийн 2068
иргэн, 534 хүүхдэд хүмүүнлэгийн тусламжийг хүргэжээ. Мөн онд Улиастай сумын зургаан багт цар тахлын улмаас амьдралын
нөхцөл байдал хүндэрсэн зорилтот бүлгийн 50 өрхийн 157 иргэнд ариун цэврийн
болон хүнсний багц, мөн сумын зорилтот бүлгийн 60 өрхийн 217 иргэнд хүнсний
багц, Тосонцэнгэл, Баянтэс сумын зорилтот
бүлгийн 200 өрхөд 12 сая төгрөгийн хүнсний багцыг тусламж болгож өгсөн байна.
Түүнчлэн Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сумын 150 малчин өрхийн 600
гаруй иргэнд 39 сая төгрөгийн малын амин дэм эрдэс тэжээлийн бодис, бэлэн
мөнгийг хүмүүнлэгийн тусламж болгож өгсөн. Хаваржилт хүндэрсэн Яруу,
Түдэвтэй, Сонгино, Цэцэн-Уул сумын 200 малчин өрхийн 380 гаруй иргэнд
хүнсний багц, малын эрдэс тэжээлийн багц олгох ажлуудыг хийжээ. Харин 2019 онд
59 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг зургаан сумын 350 малчин өрх, 980
иргэнд үзүүлжээ. Ер нь донор байгууллагууд болон олон улсын байгууллагуудын
дэмжлэгээр Улаан загалмайн байгууллагаас өгдөг хүмүүнлэгийн тусламж нь хүрч буй
эздэдээ бодитоор хүрч, хүмүүнлэгийн тусламжийн үр
шимийг хүртсэн байдаг.
-Завхан аймгийн Улаан
загалмайн хороо хэдэн гишүүнтэй вэ?
-Манай улаан загалмайн хороонд хэн ч бай сайн дураараа
гишүүнээр элсдэг. Бүх хүнд нээлттэй. Өнөөдрийн байдлаар манай хороо нийт 26820
гишүүнтэй. Үүнээс 26405 нь энгийн гишүүн, 120 нь онцгой гишүүн, 200 гаруй
өрхийн улаан загалмайч гишүүн, 95 нь сайн дурын идэвхтэн гишүүн байна. Харин 43
байгууллага улаан загалмайн гишүүн байна. Эдгээр олон гишүүний халуун сэтгэл
дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Мөн 23 суманд Улаан загалмайн
орон тооны бус тэргүүн, нарийн бичгийн дарга нар ажиллаж байна. Бидний үйл
ажиллагааны гол цөм хөдөлгөгч хүч бол аймгийн 23 суманд байгаа анхан шатны
хороод, сайн дурын идэвхтэн гишүүд, дэмжигчид, хандивлагчид байдаг. Гишүүд
дэмжигчид, бидний үйл ажиллагаанд хяналт тавьж чиглүүлэх, зөвлөх чиг үүрэгтэй
байдаг. Тухайлбал манай аймгийн хороо гэхэд 1958 оны 4 дүгээр сарын 14-нд
аймгийн Намын хорооны 52-р тогтоолоор “Улаан загалмайн түр хороо” нэртэйгээр
байгуулагдаж байсан түүхтэй. Өдгөө Улаан загалмайн хороо болтлоо өргөжиж, хандивлагч
байгууллага, гишүүд дэмжигчдийн татвар хандив, тусламж, туслах мал аж ахуйн
орлогоороо өөрөө өөрийгөө тогтмол санхүүжүүлж таван орон тоотойгоор үйл
ажиллагаа явуулж байна.
-Танайхаас сүүлийн жилүүдэд ямар арга хэмжээнүүдийг
хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулав?
-Бидний бас нэг үүрэг зорилго чиглэл бол төрд нэмэлт хүч
болж дэмжлэг үзүүлэх явдал юм. Цар тахлын энэ хүнд нөхцөлд ажиллах сайн дурын
идэвхтнүүдийг чадваржуулах, мэргэшүүлж үе шаттайгаар сургах ажлуудыг МУЗН-ээс
байнга явуулдаг. Сайн дурын идэвхтнүүд маань бидэнд төдийгүй төрдөө нэмэлт
хүч болон ажиллаж байгаа. Гамшгийн хөтөлбөрийн хүрээнд нийт 21 ажлыг зохион
явуулж, 10118 хүнд хүрч 81 байгууллага иргэдтэй хамтран ажилласан байна. Харин нийгмийн
эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд найман үйл ажиллагаа зохион явуулж
6335 хүнд хүрч 21 байгууллага иргэдтэй хамтран ажилласан.
-Тухайлбал сайн дурын идэвхтнүүд юу хийдэг вэ?
-Манай сайн дурын идэвхтнүүд дөрвөн хөтөлбөрийн хүрээнд
ажилладаг. Жишээлбэл гамшгийн хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн сайн дурын
идэвхтнүүд олон улсаас ирүүлсэн хандив тусламжийг зорилтот бүлгийн иргэдэд
хүргэхэд тус дэм болдог. Харин эрүүл мэндийн хөтөлбөрийн сайн дурын идэвхтнүүд
иргэдийг вакцинжуулах, халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан
сэргийлэх. Анхны тусламжийн сургалтыг явуулахад амжилттай ажиллаж байна. Энэ
жилээс нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэхээр
зорьж байгаа. Ковид цар тахлын үед манай сайн дурын идэвхтнүүд хөл хорионы үед
иргэдэд хяналт тавих, вакцин хийх, гэрийн эргэлт хийх, тандалт судалгааны багт
ажиллах гээд өөрсдийн хэмжээнд ажиллаж байгаа.
Мөн энэ намар манай МУЗН-ээс ковидын нөхцөл байдлын үед
тандалт судалгааны багт ажиллах 15 сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэх сургалтыг
амжилттай зохион явуулж гэрчилгээ олгон, хоёр жил ажиллах гэрээ байгуулан
ажиллаж байна.
-Энэ жил танай байгууллага бүтээн байгуулалтын
томоохон ажлыг эхлүүлсэн. Явц хэр байна вэ?
-Тийм ээ. Манай байгууллагын үйл ажиллагаа явуулж буй
одоогийн байр нь 1978 онд ашиглалтад орсон барилга юм. Байгууллагын зүгээс томоохон
олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион явуулахад зай талбай нь багаддаг. Бэлэн
байдал, анхны тусламжийн гээд гишүүд дэмжигчид, сайн дурын идэвхтнүүд, өрхийн
улаан загалмай ч болон улаан загалмайн идэвхтнүүд цуглаад томоохон сургалт
уулзалтыг зохион явуулахад орон зайн хувьд бага байгаа болохоор сургалтын орчныг
сайжруулах шаардлага байнга гардаг байсан. Харин 2020 оны долоодугаар сард “Очдөл- Өлзийт” ХХК-тай гэрээ хийсний дагуу бартераар шинээр барилга бариулахаар болж 10 дугаар сард ашиглалтад
ороод байна. Чанартай хүртээмжтэй ажлын эх үүсвэр тав тухтай орчин, мэргэшсэн
ажилтан баг хамт олон байдаг гэж үздэг.
Ер нь аль ч албан байгууллагад тав тухтай орчин бүрдэж байж ажлын чанар үр бүтээл
дээшилдэг.
-Улаан загалмайн хороог хүн бүр тусламжийн
байгууллага гэж л хардаг. Мэдээж олон байгууллагатай хамтын ажиллагаатай
байх?
-Улаан загалмайн хороо нь олон улсын болон дотоодын олон байгууллагатай хамтын ажиллагаатай ажилладаг. Олон улсын болон донор байгууллагуудын дэмжлэгээр хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийнхээ хүрээнд хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулдаг. Энэ жил гэхэд л 524 төрийн болон төрийн бус ААН байгууллагатай хамтран ажиллаж, 18179 хүнд хүрч ажилласан байна. Мөн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулж, 2021-2024 онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Өрхийн улаан загалмайч хүүхдүүдийн төлөөлөл хоёр, "Ковид-19" цар тахал болон бусад гамшгийн үед ажиллах 15 сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэж чадавхжуулах ажлыг хийсэн байна.
Аймгийн төвийн найман
цэцэрлэг, ерөнхий боловсролын нэг сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу хүмүүнлэгийн
ажлуудыг хийж байна. Нийгмийн халамж, оролцоог дэмжих хөтөлбөрийн хүрээнд 11
ажлыг зохион явуулж 1743 хүнд хүрч, 31 байгууллагатай хамтран ажилласан байна.
Хүүхэд
залуучуудыг хөдөлгөөний хөтөлбөрийн хүрээнд долоон удаагийн үйл ажиллагаагаар 973
хүнд хүрч 23 байгууллагатай хамтран ажилласан байна. Гээд тоочоод байвал бидний
хамтын ажиллагаатай зохион байгуулсан хүмүүнлэгийн үйл ажиллагаа олон бий.
Эдгээр ажлууд үр дүнтэй үлдэцтэй байгаасай. Хүмүүнлэгийн тусламж зорилтот хүндээ
хүрээсэй гэдэг эрмэлзэлтэйгээр манай сайн дурынхан, ажилчид маань хамтран ажиллаж
чаддаг.
-Тэгвэл Улаан загалмайн хорооны өдөр тутмын ажил
хэр өрнөдөг юм бол?
-Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг үндсэн дөрвөн хөтөлбөрөөр явуулдаг. Байгууллага шинэ байрандаа ороод орчин нөхцөл сайжирснаар үндсэн дөрвөн хөтөлбөрийг жигд хүртээмжтэй явуулж, иргэдэд зориулсан сургалтуудыг тогтмол явуулдаг болно. Тухайлбал төлөөлөн удирдах зөвлөлийн хамтын ажиллагааг сайжруулах. Анхан шатны хороодын үйл ажиллагааг эрчимжүүлж тогтворжуулах. Гишүүд дэмжигчдийн эгнээг улам өргөжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Манай хороо нь 23 суманд орон тооны бус идэвхтнүүдтэй ажиллаж байна. Тэднээр дамжуулж аймгийнхаа гишүүд дэмжигчдэд хүрч, өөрсдийн үйл ажиллагааг сурталчлах. Иргэдэд хүмүүнлэгийн ажлуудыг хүргэж байдаг. Тэд цалингүй ажилладаг. Тиймээс тэднийгээ жилд нэг удаа ч болов урамшуулж, амжилттай ажилласан сум, аймгийн хорооны тэргүүн, нарийн бичгийн дарга, манай үйл ажиллагааг байнга дэмжиж хүмүүнлэгийн гараа сунгасан тэргүүний хандивлагч татвар төлөгч, ивээн тэтгэгч гишүүдээ урамшуулж харш ОХУ-ын Улаан-Үд хот, Итгэлт хамбад аялах эрхийн бичгээр шагнаж урамшуулсан.
Улаан загалмайн хорооныхоо тогтвортой үйл ажиллагааг
хангахын тулд төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх, хорооны ажиллагсдынхаа мэдлэг
чадварыг дээшлүүлэх, олон талт үйл ажиллагааг байнга явуулж байна. Ингэснээр орон
нутгийн хөгжил, иргэдийн амьдралд юу
хэрэгтэй байгааг мэдрэх. Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах үйл
ажиллагааг жил бүр өргөтгөхөөр ажилладаг. Дахин хэлэхэд манай үйл
ажиллагааг сайн дурын идэвхтэн гишүүд дэмжигчидгүйгээр төсөөлөхийн аргагүй, тэдний
тусламж дэмжлэгтэйгээр олон ажлыг амжуулж байна.
Мөн хүүхэд багачууд, оюутан залуучуудыг хүмүүнлэгийн
үйлсэд татан оролцуулахаар байгууллагын дэргэд Өсвөрийн Улаан загалмайн
бүлгэмийг байгуулсан. Бүлгэм нь 33 хүүхэдтэй. Харин залуучуудын улаан загалмайн
клубийг 15 оюутан залуучуудын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж тодорхой ажлуудыг
хийж байна. Тэд үе тэнгийнхэн болон
бяцхан дүү нар, ах, эгч, нараа хүмүүнлэгийн үйлсэд уриалах ажлыг тогтмол хийж
тодорхой үр дүнд хүрээд байгаа.
Өсвөрийн улаан загалмайн бүлгэмийн гишүүд үе
тэнгийнхэндээ зориулж тэднийг эерэг зүйлд уриалах, олон төрлийн ажлуудыг хийж
байгаа жишээ олон бий. 2019 онд гэхэд мөнгөн хонхны баяраар халуун тэврэлт аяныг
өрнүүлж зорилтот бүлгийн үе тэнгийнхээ
хүүхдүүдэд мөнгөн хонхны баярт нь зориулж хувцас бусад зүйлсийг бэлэглэсэн.
-Өсвөрийн аврагч бүлгийн хүүхдүүд юу хийдэг вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар
тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах
үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ерөнхий боловсролын
сургуулийн ахлах ангийн суралцагчдад аюулгүй амьдрах арга ухаан мэдлэг чадварыг
эзэмшүүлэх. Гамшигт нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж
үзүүлэхэд сургаж дадлагажуулах зорилгоор жил бүр сургалт зохион явуулж байна.
Өсвөрийн аврагчид маань ч дадлагажиж, туршлага сууж байгаа. Тухайлбал “Өсвөрийн
аврагч 2018” баруун бүсийн тэмцээнээс Улиастай сумын ерөнхий боловсролын
дөрөвдүгээр сургуулийн өсвөрийн аврагч бүлгийн багш суралцагчид амжилттай
оролцож дэд байрыг эзэлсэн. Харин 2019 онд бүсийн тэргүүн байрыг эзлэн
улсад амжилттай оролцсон. Аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх “Цэцэн шонхор”
таеквондогийн клубийн 10 өсвөрийн аврагч хүүхэд мөн баруун бүсийн тэмцээнд
амжилттай оролцсон. Тус багийн хүүхдүүдээс хоёр хүүхэд алтан медаль, таван
хүүхэд хүрэл медаль, багийн тулаанд мөнгөн медалийг тус тус хүртжээ.
-Өсвөрийн улаан загалмайчдын дунд хүмүүнлэгийн
үйлстэн, үлгэр жишээ олон хүүхэд бий байх?
-Өсвөрийн улаан загалмайч хүүхдүүдийн
дунд авьяаслаг олон хүүхэд бий. Үүнээс сурагч н.Чулуунцэцэгийг онцлон хэлмээр
байна. Түүний эмээ нь манай байгууллагын хүндэт донор, ээж нь сайн дурын
идэвхтэн. Энэ охин Эх үрсийн баяраар өөрийн бие даасан уран бүтээлийн тоглолтоо
хийж, тоглолтын орлогоосоо аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн нэг өрөөг
тохижуулж, мөн Улаан загалмайн хороонд 500 мянган төгрөгийг хандивласан. Өөрийн
тоглолтод оролцсон 100 хүүхдэд мөн гарын бэлэг гардуулсан гээд өсвөрийн улаан
загалмайч хүүхдүүд маань олон ажлыг хийж үеийн нөхдөө хүмүүнлэгийн үйлсэд
нэгтгэж, манлайлан оролцдог.
-Танайд эрүүл мэндийн хөтөлбөр гэж байгаа гэсэн.
Тодруулахгүй юу?
-Эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн анхан
шатны сургалт зохион явуулах ажлыг жил бүр хийж байна. Түүнчлэн эрүүл мэндийн
бусад сурталчилгааны ажлуудыг хамтран явуулах эмч нарын багийг бэлтгэсэн. Манай багийн гишүүд аймгийн төрийн болон төрийн бус 13 байгууллага аж
ахуйн нэгжийн захиалгат сургалтыг хийж 380 гаруй хүмүүст хүрч ажилласан байна. Энэ
багт аймгийн ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, багийн төвийн эмч,
эрүүл мэндийн газрын болон бусад албан байгууллагуудад ажилладаг эмч нарын
төлөөлөл байдаг.
-Цар тахлын үед улаан загалмайнхны үүрэг оролцоо их
байсан?
-Манай үндсэн гол хөтөлбөр бол гамшгийн
хөтөлбөр байдаг. Тиймээс Монголын улаан загалмайн нийгэмлэгээс удирдлагаар
хангаж цар тахлын үед бид багагүй үр дүнтэй ажиллаж байна. МУЗН 2020,
2021 онд коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм- эдийн
засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, хариу арга хэмжээ авах чиглэлээр идэвхтэй
ажиллаж, төрд нэмэлт хүч болох үүргээ амжилттай биелүүлж байна. Монголын улаан
загалмайн нийгэмлэг 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилт босгож, 22 мянга 421 өрхийн
96 мянга орчим хүнд хүнсний тусламжийг өгсөн байна. Үүнээс манай аймагт өвөлжилт
хүндэрсэн 12 сумын 250 малчин өрхийн 868 иргэн, цар тахлын
улмаас амьдралын нөхцөл байдал хүндэрсэн зорилтот бүлгийн 170 өрхийн 1200
иргэн гэр бүлд, 13 сумын 420 өрхийн 2068 иргэнд 118 сая, 600 мянган төгрөгийн
санхүүжилтийг олгожээ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн
дөрвөн байгууллагад N95, бусад зорилтот бүлгийн
3070 ширхэг амны хаалтыг тараасан байна. “Амны хаалтаа зүүцгээе-3” аяныг аймагтаа зохион явуулж 3126 иргэнд амны
хаалт, гарын саван хандивласан. Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан
салбартай хамтран “10000- амны хаалт” аяныг анхан шатны хороодоороо дамжуулан явуулж 2856 иргэн, аж ахуйн нэгж
аянд оролцжээ.
-Танд баярлалаа.