Тосонцэнгэлийн эмнэлэгт бөөрний хүнд өвчтэй иргэд эмчлүүлэх боломжтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-11-10 15:43:11

Завхан/МОНЦАМЭ/. Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт гемодиализийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Тус сумын эмнэлэг гемодиализийн аппараттай болох шаардлага хүсэлтээ УИХ-ын гишүүн Б.Баярсайханд тавьсны дүнд хоёр ширхэг аппаратыг шийдвэрлэж өгөөд байна. "Манай эмнэлэг өөрийн сумын 10 мянга орчим хүн амаас гадна тойргийн сумдын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Мөн эмнэлгийн хяналтад байдаг гемодиализийн аппаратад зайлшгүй орох шаардлагатай 40 гаруй өвчтөн бий.

Ер нь бөөрний өвчлөлийн хүнд шатандаа орсон иргэд заавал Улаанбаатар хотыг зорихгүйгээр орон нутагтаа эмчлүүлдэг болох боломж ийнхүү бүрдээд байна. Бөөрний өвчний хүнд шатандаа орсон өвчтөнүүд байнгын гемодиализийн аппаратад орох хэрэгтэй байдаг. Гемодиализийн аппараттай болохоос өмнө аппаратыг ажиллуулах эмчилгээний эмч, сувилагчдыг мэргэшүүлж сургасан. Аппаратыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн гемодиализийн их эмч Ц.Нэргүйхүү, гемодиализийн сувилагч Г.Нямзул, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер Д.Балжинням нар ирж суурилуулж, арга зүйн зөвлөгөө өгсөн.

Энэ аппарат нь бөөрний үндсэн үүргийн ердөө хоёрыг нь л гүйцэтгэдэг. Хорыг нь шүүнэ, илүүдэл шингэнийг гадагшлуулна. Энэ эмчилгээ манай улсад хийж эхлээд 40 гаруй жил өнгөрч байна. Тэгвэл хөдөө орон нутгийн өвчтөнүүд маань цаг хугацаа алдахгүй, хөрөнгө мөнгөө хэмнэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ авдаг боллоо гэж Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв. 

相关新闻