Үндэсний сонгодог дуурь 9000 үзэгчид хүрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-07-10 23:49:33

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадамд зориулан өнөө орой Монголын сонгодог урлагийн сор бүтээл Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурь энэ жил хоёр дахь удаагаа Чингисийн талбайд эгшиглэлээ.

Энэхүү дуурийг “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар болон УДБЭТ хамтран нийслэлчүүдэд наадмын бэлэг болгон олон нийтэд нээлттэй толилуулав.

Гол дүрийн сонгон шалгаруулалтад 16 хүн өрсөлдсөнөөс Юндэнд МУСТА, УДБЭТ-ын годлол дуучин Э.Бумхүү , Нансалмаад Б.Энхнаран, Хоролмаад МУГЖ Ө.Уянга, Балганд С.Бат-Эрдэнэ нар тоглон наадамчин олноо баясгаснаас гадна 300 гаруй уран бүтээлч оролцон тоглосон юм.

Энэхүү дуурьд хөдөө талын гурван бяцхан толгойн дунд өрнөх Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хайр сэтгэл, янаг амрагийн ээдрээтэй үйл явдлын дор нэгэн зууны өмнөх цаг үеийн амьдрал ахуй, эрх чөлөөг хүсэн мөрөөдөх ард олны хүсэл тэмүүлэл, анги давхаргын ил далд тэмцлийг харуулдаг.

Тус дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, гадаа талбай дахь тоглолтын найруулагчаар Ардын жүжигчин А.Дашпэлжээ, ерөнхий зураачаар СТА Г.Ганбаатар нар тус тус ажиллав.

Өнгөрсөн жил Чингисийн талбайд 5000 суудал засаж байсан бол өнөө жил 9000 суудал зассанаас гадна АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх уулзалтад оролцохоор ирсэн зочид төлөөлөгчид энэхүү дуурийг үзэж сонирхсон юм.

Монголын анхны сонгодог дуурь ийнхүү хоёр дахь жилдээ гадаа тайзнаа олны хүртээл боллоо.

Ж.Болор

相关新闻