Ханх-Мондын боомтыг олон улсын зэрэглэлтэй болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-11-12 16:24:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт байрлах Ханх-Мондын боомт нь Монгол Улс, Оросын Холбооны Улстай хиллэдэг байнгын ажиллагаатай томоохон боомтуудын нэг бөгөөд жилд 30 мянга гаруй иргэн зорчдог аж.

Тус боомтыг 2011 оноос олон улсын зэрэглэлтэй болгох талаар хоёр тал харилцан тохиролцсон боловч Засгийн газар хоорондын хэлэлцээрт хилийн боомтын талаар нэмэлт, өөрчлөлт оруулаагүйн улмаас өнөөг хүртэл бодитоор хэрэгжээгүй юм байна. 

Уг асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлж, Ханх-Монд боомтыг олон улсын зэрэглэлтэй болгохоор идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар талууд хэлэлцээрийн төслийн талаар харилцан санал солилцож, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ирэх сард ОХУ-д хийх албан айлчлалын үеэр хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Ханх-Мондын боомтыг олон улсын зэрэглэлтэй болох асуудлаар Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан, Олон улсын гэрээ эрх зүйн газрын хилийн хэлтсийн дарга Б.Болд нартай УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар уулзаж ажлыг эрчимжүүлэх талаар ярилцсан байна. Ханх-Монд боомтыг Олон улсын зэрэглэлтэй болгосноор зөвхөн манай хоёр улсын иргэд хоорондоо биш гуравдагч орны иргэд тус боомтоор зорчих боломж бүрдэж, цаашлаад Байгаль нуур, Хөвсгөл нуурыг холбосон аялал жуулчлалын томоохон маршрут бий болох боломж бүрдэх ажээ.

相关新闻