ХӨВСГӨЛ: Г.Гантуяа: Сурын харваа ухаан төвлөрөл, тэсвэр, тэвчээр их шаарддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-12-18 18:19:10

Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслолыг 33 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа.


Өв уламжлал номинацын эзнээр  Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10-р ангийн сурагч Г.Гантуяа тодорлоо.


Тэрээр сур харваагаар 4 жил хичээллэж байгаа бөгөөд энэ жилийн Үндэсний их баяр наадамд өсвөр насны охидын төрөлд түрүүлж “Идэр мэргэн” цол хүртсэн байна.


Г.Гантуяа “Сурын харваагаар хичээллэхэд ухаан төвлөрөл, тэсвэр тэвчээр шаарддаг.

Монгол түмний өв соёл болсон сурын харваагаар хичээллээрэй гэж хүүхдүүдийг уриалж байна.

Миний аав Т.Гомбосүрэн надад сурын харвааг анх зааж өгсөн. Цаашид монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хичээж улам сайн харвах болно” гэдгийг хэллээ.


Энэ онд үндэсний хэмжээнд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, биеийн тамир, спорт, байгаль хамгаалал, техник сэтгэлгээ, шинэ санаачилга зэрэг 10 төрөлд 1263 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 72 хүүхэд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарчээ.



相关新闻