Ажлын баг Нэгдсэн эмнэлгийн улаан бүсэд ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Ганбаатараар ахлуулсан ажлын баг аймгийн Нэгдсэн эмнэлгийн улаан бүсэд ажиллаж, коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй иргэдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 17615 тохиолдол батлагдаж үүнээс 16105 хүн эдгэрсэн байна.
Ажлын баг хэвтэн эмчлүүлэгч болон улаан бүсэд ажиллаж буй эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, газар дээр нь үзүүлж буй тусламж үйлчилгээтэй нэг бүрчлэн танилцлаа. Нөхцөл байдлын үнэлгээгээр коронавирусний халдварыг эмчлэхэд зарим нэг эм тариа тасарсан, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд тоног төхөөрөмж, урвалж оношлуурын хүрэлцээ, хангамж учир дутагдалтай, улаан бүсэд ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн ажлын ачаалал их, хүний нөөц дутагдалтай зэрэг асуудлыг эмч нар хэлж байлаа.
Ажлын баг Засаг даргын зөвлөлийн хурлаар тус асуудлуудыг хэлэлцүүлж, 300 орчим сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гарган, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр боллоо.