С.Бичүү: “Энхрийлмээр”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-14 15:51:33

Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтий нутгийн чөлөөт уран бүтээлч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Сэнгэноровын Бичүү “Энхрийлмээр” шинэ цомгоороо үзэгч сонсогч түмэнтэйгээ учран золгоод удаагүй байна.

Энэхүү шинэ цомогт уран бүтээлчийн “Үл таних бүсгүй”, “Зоргол нүдэн”,“Сарнай цэцэг”, “Энхрийлмээр”, “Хүсэл”, “Чингис хотын дуулал”, “Намайг сонс”, “Хайртай гэж хэлээч”, “Би чамд” /шинэчилсэн хувилбар/, “Будаггүй уруулын амт” /шинэчилсэн хувилбар/, “Аавыгаа би санаад байна”, “Энхрийлмээр” гэсэн 11 дуу нь оржээ.

“Энхрийлмээр” дуугаа 2 удаа нэр дурдсаны учир нь энэ дууг сурах хүсэлтэй хүмүүст зориулж фонограммы /дууны үггүй дан ая/ нь бичиж оруулснаараа онцлог юм байна.

    Хүүхэд залуус дуучин Бичүүгийн дууг сонсох дуртай ч хувь хүн талаас нь тодруулбал, тэрбээр Хэнтий нутгийн 11 хүүхэдтэй өнөр гэр бүлийн хамгийн отгон хүү юм. Түүний аав Д.Сэнгэноров Хэнтий аймгийн авто тээврийн 10 дугаар баазад насаараа жолоочоор ажилласан, алтан шар замдаа ая дуугаар хань хийж явдаг тул хүүгийнхээ авьяасыг эрт анзаарч 5 настайд нь нутгийн ерөөлч магтаалч Л.Агваанжамбалд шавь оруулж байжээ. Бичүү хүү цэцэрлэг, сургуульд байхаасаа дууны төрөл бүрийн уралдаан тэмцээнд оролцож, дуу хөгжмийн багш Баасанжав, П.Мөнхсайхан нарынхаа хайртай шавь нь байв.

    Ингээд 2000 онд СУИС-ийн эстрад дууны ангид Монгол Улсын Гавъяат жүжигчин, дуучин Ч.Насантогтох багшийнхаа даасан ангид орж суралцав. Түүний эстрад дууны мэргэжлийн багш нь Дулмаагийн Ганхуяг. Багш нь түүнд дуучны стиль имиж, сэтгэл зүрх бүгд байна, гагцхүү хоолойны чадалтай болоход багш нь чамд тусалъя гэж аминчлан захидаг байж. Ийм л эрдэнэ мэт багш нартаа магтуулж, загнуулж зэмлүүлж явсаар өдий зэрэгт хүрсэн дээ гэж дуучин Бичүү даруухан өгүүлэх. Одоо Бичүү бие даасан 58, хамтарсан 10 уран бүтээл дуутай болжээ. Энэ бүгдээсээ шигшээд 3 цомог гаргасан байна. Сүүлийн “Энхрийлмээр” цомог нь хөгжмийн найруулга, дуугаралт зэргээрээ шат ахиж, ташуур өгсөн сайн бүтээл болсныг хөгжмийн мэргэжилтнүүд онцолж байна.

    Цомогт хөгжмийн зохиолч Аранзаа буюу Б.Бат-Эрдэний ая зохиосон “Үл таних бүсгүй”, “Зоргол нүдэн” зэрэг цоо шинэ уран бүтээлүүд оржээ. “Зоргол нүдэн” хэмээх маш тансаг үгтэй дууны шүлэг нь Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн бүтээл. “Энхрийлмээр” дууны нь шүлгийг Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар туурвисан бол аяыг нь Урлагийн гавъяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжав хийжээ. Бичүү энэ дуугаа насны ганцхан хань Ж.Сарандаа зориулж уран бүтээлчдэд санаагаа хэлж хийлгэсэн гэхээр аргагүй л зүрх сэтгэлээс нь хайр ундарсан бүтээл болжээ. Тиймээс ч энэхүү дуугаараа нэрлэсэн цомгоо уран бүтээлч маань өөрийн биеэр фенүүддээ гарын үсгээ зурж, хамт зургаа татуулан, уран бүтээлийн яриа хөөрөө өрнүүлэн хүргэж өгч байгаа аж.

    Сүүлийн хэдэн өдөрт цомгийнхоо захиалгад дарагдаж эхэлжээ. Түүний сэтгэл зүрхний дуулал хүмүүст ийнхүү хүрч дуу шүлгийн аялгуут ном хэмээн фенүүд нь хүндэтгэн хүлээж авч байна. Цомогт орсон “Чингис хотын дуулал” уран бүтээлээ тэрбээр Хэнтий нутгийнхаа ардын болон гавъяат цолтнууд болох Д.Жаргалсайхан, Г.Хонгорзул нартай хамтран дуулжээ. Бичүү уран бүтээлийн олон сайн хамтрагчтай. Хэдийгээр сүүлийн үед олон сайн цомгуудын үнэ цэн буурсан ч тэрбээр “Энхрийлмээр” цомгоо 50000 төгрөгөөр үнэлэн борлуулж байгаа. Энэ нь алив уран бүтээлийг үнэлдэг байгаасай, уран бүтээлчийн хөдөлмөрийг олон нийт ойлгодог болоосой гэсэн сэтгэлээс нь үүдэлтэй. Сонсогч фенүүд, найз нөхөд нь цомгийг нь маш сайхан хүлээж авч байгаад тэрбээр ихэд баяртай байна.

    “Энхрийлмээр” дуугаа зориулсан түүний эхнэрийг Ж.Саран гэдэг. Дуу хуурын өлгий Дундговь нутгийн гаралтай багш бүсгүй агаад одоо хувиараа бизнес эрхэлдэг. Тэд хоёр охин, нэг хүүтэй. Бичүү ихэд гэр амьтай, зав чөлөө гарвал гэр рүүгээ гүйж, байгалийн сайханд гэр бүлээрээ аялах хоббитой гэсэн шүү. Энэ ч чанараараа тэр алдрай үрсдээ сайн аав байж, нутаг орныхоо нэрийг сайнаар дуудуулж явахыг үргэлж хүсч хичээж явдаг уран бүтээлч юм.

    Ингээд нутгийн уран бүтээлчийнхээ шинэхэн дууны шүлгийг та бүхэндээ хүргэе. Та цомогт байгаа “Энхрийлмээр” дууны дан аян дээр нь дуугаа дуулж сураарай.


Энхрийлмээр...

Оддын цагаан саран хүзүүгээр чинь үнсэв үү

Орчлонгийн хөх салхи сэтгэлийг чинь гижигдэвүү

Одоо л би чамдаа хайраа илчлэхгүй л юм бол

Оройтох нээ оройтох нь чамайгаа би энхрийлмээр байна

 

Мичдийн сэрүүн салхи үсийг чинь дэрвүүлэв үү

Миний энхрий зүүдэн наран доор сэрэв үү

Хос дөрвөн алгаа атгалцахгүй л юм бол

Хоцрох нь ээ хоцрох нь ерөөсөө би яараад байна

Дахилт

Дэндүү хөөрхөн аашийг чинь мэдрэхэд

Дэргэд чинь байхын совин шивнэх шиг

Одоо л би чамдаа хайраа илчлэхгүй юм бол

Оройтох нээ оройтох нь чамайгаа би энхрийлмээр байна


Зүйлийн зөөлөн сэвшээ хацрыг чинь илэв үү

Зүгээр хараад зогсмооргүй яасан халуун догдлол вэ

Хоёр сайхан итгэлээ хуваалцахгүй л юм бол

Хожимдох нь хожимдох нь зүрхнээсээ зөрмөөргүй байна

 

Газрын цэнхэр сэрвээ чамайг минь өргөв үү

Гайхам яруу бүхэн чамайг минь чимэв үү

Мөнхийн энэхэн учралаа хуваалцахгүй л юм бол

Чадахгүй нь чадахгүй нь зүрхээ би чагнамаар байна

Дахилт

Дэндүү хөөрхөн аашийг чинь мэдрэхэд

Дэргэд чинь байхын совин шивнэх шиг

Одоо л би чамдаа хайраа илчлэхгүй юм бол

Оройтох нээ оройтох нь чамайгаа би энхрийлмээр байна

 

相关新闻