Халдвар авсан 11 жирэмсэн эх, 117 хүүхэд эмчлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 152 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 17921 боллоо. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 317, гэрээр 686 иргэн эмчлүүлж байна. Тухайн иргэдийн дотор халдвар авсан жирэмсэн эх 11, хүүхэд 117 байгаа бөгөөд эмнэл зүйн хувьд маш хүнд 4, хүнд 14, хүндэвтэр 104, хөнгөн 885 хүн байгаа аж.
Коронавирусний халдвар гэр бүл болон ажлын газраас дамжин халдварлаж байгаа тул сэжигтэй гэж өөрийгөө үзэж байгаа иргэд аль болох өөрийгөө тусгаарлах, харьяа эрүүл мэндийн байгууллагад хандаж шинжилгээ өгөх шаардлагатай байна. Халдварт өртсөн ч өөрийгөө тусгаарлаж, халдвараас сэргийлэх дэглэмүүдийг сайтар мөрдөж чадвал гэр бүлийн бусад гишүүдээ өвдөхөөс сэргийлэх боломжтой гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.