Монгол толь бичгийн аппликейшний шинэчилсэн хувилбар гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол толь бичгийн аппликейшн болон монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн түүхийг өгүүлсэн цуврал контентын танилцуулга, Үндэсний номын сан хөмрөгт хадгалж буй үнэт ховор бичиг үсгийн дурсгалуудаас бүрдсэн “Оюуны охь” цахим үзэсгэлэнгийн нээлт өчигдөр боллоо.
Энэ
үеэр “Номын санч” сэтгүүлийн тусгай дугаарыг Word plus-т байршуулан олон нийтэд
түгээв.
Соёлын яамнаас 11 дүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгон тэмдэглэж буйтай холбогдуулан иргэдийн эх хэлний боловсролыг дээшлүүлж, үндэсний бичгээ сурч судлах хэрэглээний орчныг бүрдүүлж, иргэн бүрд сурах нөхцөл бололцоог тэгш хүртээмжтэй олгох бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлсэн монгол хэл бичгийн чиглэлийн ажлын нэг нь Монгол толь бичгийн аппликейшн буюу монгол хэлний толь бичгийн гар утсанд зориулсан хувилбар юм.
Нээлтийн ёслолд Соёлын
яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг хэлэхдээ, “Бүх нийтийн эх хэлний мэдлэгийн
түвшнийг ахиулахад нэн тэргүүнд хэрэг болдог, гарын авлага нь аливаа хэлний
толь бичиг байдаг. Төрөлх хэлээ сурч буй хүүхэд, хоёр дахь хэл (гадаад хэл
болон бусад бичиг үсэг) эзэмшихээр шамдан буй хүн бүхний хамгийн түрүүнд авч
үздэг, сургалтын үндсэн хэрэглэгдэхүүн нь сурахыг хүссэн тухайн хэлнийх нь толь
бичиг байдаг. Иймээс
манай яам үндэсний бичгийн хэрэглээний орчныг иргэн бүрд тэгш, хүртээмжтэй
хүргэхийн тулд орчин үеийн дэвшилтэт технологи ашигласан шинэчлэн сайжруулсан
толь бичгийн аппликейшнээ
нийтийн хүртээл болгож байна”
гэв.
Мөн тэрбээр, толь бичгийн энэ удаагийн шинэчилсэн хувилбараас толгой үгийн утгын тайлбарыг үзэж, үндэсний бичгээрээ холбоо, хоршоо үгийг хэрхэн бичихтэй танилцаж, үндэсний бичгээ мэдэхгүй нэгэн нь үсэгчилсэн галиг харан унших чадвараа нэмэгдүүлэх зэрэг олон олон шинэ боломж, сонголтыг бий болгосны зэрэгцээ “Үгийн сүлжээ” тоглон үгийн сангийн баялгаа нэмэгдүүлэх боломжтой боллоо. Мөн тус толь бичиг иргэдийн оролцоотой цаашид улам хөгжин боловсронгуй болох боломжтой бөгөөд толь бичгийн талаарх санал сэтгэгдлээ толь бичгийн цахим хуудсаар (mongoltoli.mn) дамжуулан илгээж байгаарай. Та бүхний санал бүхэн бидний цаашдын ажилд үнэтэй байх болно. Толь бичгийн хөгжүүлэлт нь тасралтгүй үргэлжлэх ажил учраас дараа дараагийн хөгжүүлэлтийн ажилдаа тусгах болно” хэмээв.