Гол, нуурын ус гүйцэд хөлдөөгүй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишгэд,
Үүр зэрэг томоохон гол мөрнүүдэд битүү мөсөн бүрхүүл тогтсон бөгөөд мөсний
зузаан 20-40 см байгаа нь олон жилийн дунджийн орчим байна.
Хангайн нуруу болон Хөвсгөлийн уулсаас усжих Сэлэнгэ, Идэр, Бүгсий, Эг
зэрэг томоохон голуудад мөсөн зах үүсэх, шингэн болон өтгөн зайр урсах зэрэг
мөсний үзэгдэл ажиглагдаж байна. Битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн
мөсний даац хүн, мал зорчих, авто тээвэр
хийх хэмжээнд хүрч нягтаршиж бэхжээгүй, нийт уртын дагуу харилцан адилгүй
мөсний үзэгдэл ажиглагдаж байгаа тул нийт ард иргэд, малчид, тээвэрчдийг цаг
хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн Мөрөн ус судлалын
өртөөнөөс анхааруулж байна.