Уул уурхайн шилдэг ил тод компаниар “Тавантолгой” ХК шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-27 17:23:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн компаниудаас орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК оны “Шилдэг ил тод” компаниар шалгарлаа. Шагналыг тус компанийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Ганболд УУХҮЯ-аас зохион байгуулдаг оны шилдэг ААН шалгаруулах ёслолын үеэр гардан авав.

Шилдэг ААН-үүдэд батламж гардуулах ёслолын үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон цар тахлын бэрх цаг үед улс орныхоо ачааны хүндийг үүрсэн уурхайчдадаа талархал илэрхийлээд, ирэх онд уул уурхайн салбарын 100 жилийн ой тохиож буйг тодотгов. Мөн Монгол Улсын томоохон бодлогын баримт бичгүүд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Засгийн газар уул уурхайн салбарт нээлттэй, либерал бодлого баримталж, хөрөнгө оруулалтын орчныг улам сайжруулахыг зорьж буйг онцлоод дараах ААН-үүдийг оны шилдгээр батламжлав. Үүнд:

  • Геологи-хайгуулын шилдэг байгууллага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,
  • Шилдэг технологи нэвтрүүлэгч: “Орика монголиа” ХХК,
  • Тэргүүний нөхөн сэргээгч: “Уулс заамар” ХХК,
  • Шилдэг ханган нийлүүлэгч: “Мера” ХХК,
  • Шилдэг зураг төсөл зохиогч: “Рояал рэнж” ХХК,
  •  Шилдэг туслан гүйцэтгэгч: “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК,
  • Шилдэг ил тод компаниар “Тавантолгой” ХК шалгарлаа.

Энэ оны шалгаруулалтын хувьд “Шилдэг ил тод компани” гэсэн ангилал шинээр орж ирсэн бөгөөд УУХҮ-ийн сайдын энэ оны 12 дугаар сарын 7-ны тушааалд заасны дагуу шалгарууллаа. Ингэхдээ Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-д өгсөн ил тодын тайлангийн сүүлийн 3 жилийн үзүүлэлт, шилэн данс хөтлөлт, худалдан авалтын мэдээллээ компанийн цахим хуудсаар нээлттэй мэдээлсэн эсэх зэрэг мэдээллийн ил тод байдлыг нь үндэслэн олгожээ. “Тавантолгой” ХК-ийн хувьд сүүлийн 3 жилд ил тодын нэгтгэл тайлангаа тасралтгүй өгсөн бөгөөд хараат бус хянан нэгтгэлийн дараа тайлангийн зөрүү хамгийн багатай байжээ.

ОҮИТБС-ын цахим тайлангийн системд сүүлийн 3 жил ил тодын тайлангаа тууштай өгсөн нийт 28 компани бүртгэлтэй байна. Эдгээр компанийн тайлагналын зөрүүг доорх дүрслэлд үзүүлэв.



相关新闻