“Алтан төл”-ийн эздэд шагналыг нь гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-31 13:29:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, МҮОНРТ-ээс 44 дэх жилдээ олгож буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төл"-ийн эздэд шагналыг нь гардууллаа.

“Алтан хурга”-ны эзнээр Хонгор сумын малчин Норслойн Оргилсайхан, “Алтан тугал”-ын эзнээр Хонгор сумын малчин Гүнтэвийн Батмөнх, Содномын Хөхөө, “Алтан Ишиг”-ний эзнээр Хонгор сумын  малчин Пүрэвийн Мөнгөн, ”Алтан унага”-ны эзнээр Дархан сумын Малчин багийн малчин Хаянхярваагийн Батзориг нар шалгарсан аж.

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал болон сумын удирдлагууд амралтын өдрүүдэд гардуулж, хүндэтгэл үзүүллээ. “Алтан төлийн эзэн”-ийг тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ, залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан байдал, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд санаачилгатай ажилласан зэрэг үзүүлэлтийг нь харгалзан салбарын яам, МҮОНРТ-тэй хамтран шалгаруулдаг ажээ.

Алтан төлийн эзэд мал сүргийнхээ удмын санг дэмжиж, нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан, бэлчээрийн ашиглалтыг сайжруулсан, залуу малчдыг дэмжиж сурган малжуулсан, татвараа бүрэн төлж даатгалд хамруулсан зэрэг олон шалгуурыг хангажээ. Төл мал өсгөх хүнд ажилд хамгийн их хүч хөдөлмөрөө зарцуулдаг гэргий нарын хөдөлмөрийг үнэлж энэ жилээс эхлэн хамтад нь шагнаж урамшуулдаг болсноороо онцлог юм.

相关新闻