Мал маллахаас илүү бэлчээрээ хамгаалж сурахыг залуу малчдад заадаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Идэр сумаас 32 жилийн дараа "Улсын хошой аварга малчин" төрлөө гэж
Идэр сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн улсын аварга малчин Г.Сандаг-Очир нь 1961 оноос хойш мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа. Эдүгээ 61 дэх жилдээ мал маллаж байна. Тэрээр мал сүргээ дөрвөн төрөл дээр нь өсгөж, ашиг шим, үүлдэр угсааг нь сайжруулах тал дээр онцгойлон анхаарч байна. Мөн сумынхаа залуу малчдыг дагуулж, мал маллах арга ухаанаа өвлүүлж буй. Жил бүр таван малчныг мал маллах арга ухаанд сургаж, малжуулж байна.
Малчин Г.Сандаг-Очир малч ухаан, туршлагаараа манлайлж 2017 онд "Улсын аварга малчин" болсон бол ийнхүү бар жилийн босгон дээр "Улсын хошой аварга малчин"-аар шалгарч нутгийн түмнээ баярлууллаа. Бэлчээр хамгаалах асуудлыг сайжруулахын тулд малчид руу чиглэсэн үйл ажиллагааг түлхүү авч хэрэгжүүлэх нь үр дүнтэй. Жишээлбэл малчдын бүлэг нөхөрлөл бий болсноор малчид хоорондоо нэгдэх, тулгамдаж байгаа асуудлаа орон нутгийнхаа засаг захиргаатайгаа хамтран шийдвэрлэх боломжтой болсон. Тэгвэл улсын хошой аварга малчны хувьд малчдыг хоршиж малын үүлдэр, чанарыг сайжруулахад манлайлан оролцдог малчин юм гэв.
Малчин хүн бол өөрийнхөө сүргийн менежер
"Улсын хошой аварга малчин" Г.Сандаг-Очир малч ухаан, туршлагаараа нутгийнхандаа байнга үлгэрлэдэг.
Тэрээр: -Бэлчээр дээр эзэн болж амьдран суугаа малчид маань малынхаа тоонд биш, чанарт анхаарах нь чухал юм. Хамгийн түрүүн малынхаа бэлчээрийг сэлгэх, өнжөөх нь малчин хүний хамгийн эхний үүрэгт ажил юм. Бэлчээрийн малын чанарыг сайжруулах, зохистой ашиглах арга туршлагыг сэргээн суралцах. Шинэлэг арга менежментийг нэвтрүүлж өнөө үеийн эдийн засгийн хөгжилтэй уялдуулахыг залуу малчдадаа зааж сургаж байгаа. Ер нь малаа сонгон үржүүлэхдээ малчид дэндүү олон зүйлийг тал бүрээс нь зохицуулдаг. Тэр чинээгээрээ өөрийнхөө сүрэгт өөрөө эзэн, одоогийн хэллэгээр “менежер” нь юм даа гэж улсын хошой аварга малчин Г.Сандаг-Очир залуу малчдад сургадаг байна.