ЕСБХБ-ны хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-02-10 12:03:44
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Европын Сэргээн босголт хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх “Гэр хорооллын усан хангамжийг сайжруулах” төслийн хүрээнд Эрдэнэт хотын инженерийн шугам сүлжээг шинээр барих, шинэчлэх ажил хийнэ. Үүнтэй холбоотойгоор төслийн багийнхан аймгийн удирдлагуудтай уулзлаа.

Төслийн хүрээнд Орхон аймаг, Эрдэнэт хотод нийт 14 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд үүний 3 сая доллар буюу ойролцоогоор 9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээг шинэчилнэ.Тус ажлын хүрээнд хаана, ямар байршилд инженерийн шугам сүлжээг сайжруулах, шинэчлэх шаардлагатай байгаа талаар төслийн багийнхан аймгийн удирдлагуудтай санал солилцлоо. 

Эхний ээлжинд 20 байршилд 10 гаруй километр шугамыг шинэчлэх санал гарчээ. Энэ нь техникийн гэмтэлтэй болон насжилт нь гүйцсэн, элэгдэлд орсон шугам сүлжээнүүд юм. Тодруулбал, Баянцагаан багийн үйлдвэрийн районы цэвэр усны шугам нь 1978 онд ашиглалтад орсон. Ашиглалтын хугацаа дуусч, гэмтэл, аваар их  гардаг байна. Мөн Говил багийн Хонхорын ус дулаан дамжуулах төвийн шугам ашиглалтын хугацаа дуусч усны алдагдал их гарч байгаа ажээ. Түүнчлэн, Даваат багийн Манханы УТБ-57-ын цэвэр усны шугамыг шинээр татах, Шанд багийн УТБ-18-ын хөлдсөн цэвэр усны шугамыг шинээр татах зэрэг олон санал гарчээ. Шинэчлэх шаардлагатай газруудад МХГ-аас дүгнэлт гаргаж нийтийн эзэмшлийн талбайг эвдэж сүйтгэхгүйгээр засах тооцоо, судалгааг хийхээр боллоо.

     

 

 

相关新闻