Эрүүл, эерэг, элэг бүтэн, инээмсэглэл дүүрэн амьдарцгаая

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-02-15 20:40:29

Хэнтий /МОНЦАМЭ/ Тэртээ 1921 онд ардын хувьсгалын дараа Ардын засгийн газар өөрийн төсвийг зохиож, 1,7 сая төгрөгийн  төсвийн орлогыг бүрдүүлснээс хойш нэгэн зууныг үдээд байна.

Улсын төсвийн орлого үйлдвэр, аж ахуйн нэгж, иргэдээс төсөвт төлж байгаа төрөл бүрийн татвар, төлбөр, хураамжийн орлогын нэгдэл юм. Ялангуяа улсын төсвийн орлого бүрдүүлэлтэд бизнесийн салбарынхан буюу хувийн хэвшлийнхний төлсөн татвар ихээхэн нөлөөлдөг. Бизнесийн салбарынхныг компани, хоршоо, нөхөрлөл, хувиараа бизнес эрхлэгч, жижиг, дунд, бичил бизнес эрхлэгч гээд хамрах хүрээ, үйл ажиллагааны онцлог, хуулийн этгээдийн хэлбэр, ажиллах хүчний нөөц, санхүүгийн байдлаар нь янз бүрээр тодорхойлж болно.

Өөрийн гэсэн бизнестэй болж, олон хүнийг ажлын байраар ханган улсдаа татвараа төлөх хүртэл бизнесийн салбарынхан маань олон саад бэрхшээлийг давсны эцэст магнай тэнийж, түмэн олондоо хүрсэн брэнд бүтээгдэхүүн үйлчилгээтэй болдог. Иргэдийг ажлын байраар хангаж, хүн амын эрүүл мэндэд аюулгүй, чанар, стандартын шаардлага хангасан, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээг түгээн, улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж байдаг учраас төрөөс тэдэнд дэмжлэг үзүүлдэг. Тиймээс төр, хувийн хэвшлийнхний түншлэл, харилцан ойлголцол, хууль эрхзүйн орчин хамгаас чухал билээ.

Хүн бүхэн бизнес эрхлэх хүсэл мөрөөдөлтэй ч хувийн компаниа босгож, тууштай, тасралтгүй хөдөлмөрлөж үр дүнг нь үздэг хүмүүс тун цөөхөн. Учир нь бизнес эрхлэх ур чадвар, сайн менежерийн туршлага, ажлын өндөр гүйцэтгэл шаардлагатайгаас гадна санхүүгийн нөөц боломж, алсын хараа, зорилтот зах зээл, бизнес эрхлэх орчноо судлах зэргээр хийх, тооцоолох зүйл асар их байдаг. Сүүлийн гурван жилд дэлхий нийтэд ковидын цар тахал эрчимтэй тархаж, эрүүл мэнд, амь нас, аж ахуй, амьдралаа бүрэн бүтэн авч үлдэхийн төлөөх тэмцэл өрнөж, цахим бизнес цэцэглэж байна. Цар тахалтай тэмцэхийн зэрэгцээ амьдралын хэв маягаа өөрчилж, техник технологи, онлайн орчинд ажиллаж сурах зайлшгүй шаардлага тулгараад байна.

Цар тахлын улмаас хилээ хааж, хөл хорио тогтоон хязгаарлалт хийх үед импортлогч бус үйлдвэрлэгч улс байх ёстойг бид ухаарлаа. Мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хөгжүүлэх зорилгоор “Өрхийн үйлдвэрлэлээ дэмжье”, “Амьжиргааны түвшнээ дээшлүүлье”, “Үндэсний үйлдвэрэлээ дэмжье”, “Монголд үйлдвэрлэв” зэргээр төсөл хөтөлбөрүүдийг олон жилийн туршид хэрэгжүүлсээр ирсэн ч  үр дүн хангалтгүй байгааг харж байна. Гэсэн хэдий ч энэ хүндхэн цаг үед Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засаг ба бизнесийн үйл ажиллагааг сэргээхэд чиглэсэн дэмжлэгүүдийг үзүүлсээр байна. Цар тахлын нөлөөтэй үүссэн хямралд 548 мянган ажлын байр гүнзгий өртөж, хямралд ихээр өртсөн бизнесийн 80 гаруй хувь нь 1-9 хүртэлх ажилтантай ЖДҮ эрхлэгч нар байгаа талаар МҮХАҮТ-аас мэдээлж байсан.

Монгол Улсын нийт бизнесийн 90 орчим хувь нь жижиг, дунд, бичил бизнест хамаардаг бөгөөд бичил бизнес эрхлэгчдийн 95% нь импортын бүтээгдэхүүн зарж борлуулдаг гэсэн судалгаа бий.Тэгэхээр бид үндэсний бус гадны үйлдвэрлэгчдийг дэмжиж, үндсэн орлого маань гадагшаа урссаар л байна. Хил хаагдсанаар Эрээний бараа багасч, турк бараагаар лангуугаа дүүргэлээ хэмээн сошиалд бахдалтайгаар шуугиж байгаа нь ч эмгэнэлтэй. Ийм цаг үед үндэсний үйлдвэрлэлээ хэрхэн хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж, бизнесийн бүтээлч байдлыг эрчимжүүлэн, кластерийн сүлжээг өргөжүүлэн, үндэсний брэндийг олноор нь бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Монголчууд социализмын үед таван хошуу малынхаа арьс шир, ноос ноолуурыг бүрэн боловсруулж, сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэл, савхи, гутал, хивс, нэхмэл, нэхий эдлэлийн үйлдвэрүүд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ гадны улсууд руу экспортолдог байсан. Гэтэл одоо малын тоо дал орчим саяд хүрээд байгаа хэдий ч буянт сүргийнхээ арьс шир, дотор гэдсийг гуу жалганд хаяж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь өдрийн од адил гялтайж байна. Шавхагдашгүй энэ их нөөц уг нь байгаль экологийн 100 хувийн цэвэр бүтээгдэхүүн төдийгүй өв уламжлал, үндэсний үйлдвэрлэлийн эх суурь билээ.

Тэгвэл орчин цагт үндэсний онцлогоо тодотгон техник технологийн хөгжил дэвшлийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хөгжүүлж, дэлхийн зах зээлд гарах боломж бидэнд бий. Үүнээс гадна цар тахал бидэнд гэрээсээ ажиллаж, мөнгөгүйгээр бизнесээ босгон, хил хязгаар заахгүйгээр дэлхийн аль ч улсад ажиллах боломжтойг нотоллоо.

Тухайлбал, сүүлийн жилүүдэд гадуур явахаас илүүтэйгээр интернэт орчинд бизнес хийхийг илүүд үзэх болжээ. Загварын мэдрэмжтэй бол онлайн дэлгүүр ажиллуулж, санхүү, нягтлан бодохын мэргэжилтэй бол нягтлан бодохын үйлчилгээг онлайнаар үзүүлж, мэргэшсэн чиглэлээрээ онлайнаар багшилж байна. Мөн найдвартай тээврийн хэрэгсэлтэй, цагийн менежмент сайтай бол хүргэлтийн үйлчилгээ, сонсгол сайтай, хурдан шивдэг бол яриа буулгах үйлчилгээ,бичих авьяастай, маркетингийн мэдлэгтэй бол чөлөөт бичигч, интернэт хэрэглээнд суурилсан орчуулгын үйлчилгээ, мэргэшсэн зөвлөх, Апп хөгжүүлэгч, дижитал маркетингийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч,график дизайны бизнес эрхэлж болох юм. Түүнчлэн хүн бүр орон гэртэй, үр хүүхэдтэй учраас завгүй хүмүүст зориулан цэвэрлэгээ хийх, гэрээр асаргаа үзүүлэх, хүүхэд харах, гэрийн эзэгтэйн туслах хийх ажил үйлчилгээ өнөө цагт эрэлттэй байна.

Гэтэл Сангийн сайд саяхан сэтгүүлчидтэй уулзахдаа Монголд эзнээ хүлээж байгаа 20 мянган ажлын байр байна, гэтэл нөгөө талд нь ажил хайж буй 100 мянган хүн байна гэж ярьсан.Тэгэхээр бидэнд ажлын байр бэлэн байна. Ухаалаг утас, интернэт, компьютер байвал онлайнаар ажиллах боломж ч байна. Бас онлайнаар эх орондоо төдийгүй дэлхийн томоохон сургуулиудад хүссэн мэргэжлээрээ сурч өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Сурахаас илүүтэйгээр орлогод санаа зовж байвал аймаг, дүүргийнхээ ХХҮГ-т хандан ажил хайгчаар бүртгүүлж, ажлын байранд зуучлуулан, мэргэшүүлэх сургалтад сууж төсөл хөтөлбөрт ч хамрагдах бүрэн боломж байна.

Та шалтаг тоочих бус боломжоо харж, сайхан ирээдүйг бүтээхийн төлөө зоримог алхаарай. Эрүүл, эерэг, элэг бүтэн, инээмсэглэл дүүрэн амьдралын тань гэрэл ирээдүй үеийнхний итгэлийн гэгээ байх болтугай.

 

 

 

相关新闻