Урианы жилийн ажлаа дүгнэж, амжилт гаргасан албан хаагч, хамт олон, гэр бүлийг алдаршуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв аймаг 2021 оныг Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих урианы жил болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2021 оны ажлаараа бусдыгаа манлайлж, идэвх санаачилгатай ажилласан албан хаагч, хамт олон, гэр бүлийг алдаршуулж шагнаж урамшууллаа.
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа Баруун-Зуунмод багийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Б.Дэлгэрмаа, А.Жамъянсүрэн, Н.Түвшинбаяр нарыг Эрүүл мэндийн яамны Хүндэт жуух бичгээр шагналаа. Тус урианы жилийн хүрээнд Хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл мэндэд ээлтэй орчин бүрдүүлэх, иргэний эрүүл мэндийг дэмжих тодорхой санал санаачилга гаргасан амжилтаар Төв аймгийн 27 сумын 97 багаас Зуунмод сумын Баруун-Зуунмод багийн хамт олон болон Эрдэнэ сумын Өгөөмөр багийн хамт олон Аймгийн эрүүл мэндийг дэмжигч багаар шалгарсан бол Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар Аргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон, Жаргалант сумын “Өгөөмөр” цэцэрлэг, Баянцагаан сумын “Бүжин” цэцэрлэг, Баянчандмань сумын “Одод” цэцэрлэг, Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор цэцэрлэг тус тус шалгарлаа.

Түүнчлэн Монголын Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд улс орны хөгжлийн тулгуур болсон залуучуудын хөгжлийг дэмжин, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж аймаг, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үзүүлэлтээр Алтанбулаг сумын Залуучуудын салбар зөвлөл, Мэргэжлийн хяналтын газрын Залуучуудын салбар зөвлөл, Төрийн бус байгууллага, клубээс Эгээрэл номын клубийг шилдгээр нэрлэлээ.
Мөн “Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих урианы жил”-ийн хүрээнд Зуунмод сумын Хүмүүн цогцолбор бага сургуулийн эцэг эхийн зөвлөл, Зуунмод сумын IV сургуулийн 3а ангийн эцэг эхийн зөвлөл, Жаргалант сумын Өгөөмөр цэцэрлэгийн “Дэгдээхэй” бэлтгэл бүлгийн эцэг эхийн зөвлөлийг “Хүүхдэд ээлтэй эцэг эхийн зөвлөл”-өөр шалгаруулсан бол гэр бүлийн үнэ цэн, бат бөх харилцааг эрхэмлэн үр хүүхдээ өв тэгш өсгөн хүмүүжүүлж нийгэмд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа 9 гэр бүлийг 2021 оны Аймгийн шилдэг гэр бүлээр шалгарууллаа.