Хөвсгөл нуурыг хамгаалах Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн
ивээл дор зохион байгуулсан “Хөвсгөл нуурыг хамгаалах Үндэсний чуулган” хоёр
өдөр хуралдаж, зөвлөмж гаргав. Чуулганыг зохион байгуулсан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн
танилцуулснаар “Хөвсгөл нуурыг хамгаалах Үндэсний чуулган”-аас гаргасан
зөвлөмжид,
- Хөвсгөл нуурын бүс, орчимд
шинээр газар олгохгүй, салбарын яам, Тусгай хамгаалалтай газар болон аймаг,
орон нутгаас өгдөг байдлыг бүрэн зогсоож, газрыг төлөвлөх, энэ талын үйл
ажиллагаа, үйлчилгээг “Нэг цонх”-нд нэгтгэхээр болов.
- Мөн тухайн бүсэд нүхэн жорлон
дахин бариулахгүй, одоо байгааг нь нэгтгэн тогтоож, байгаль орчин, иргэдэд ээлтэй
байдлаар бие засах газруудад стандарт тогтоож мөрдүүлэхээр тогтов.
- Хөвсгөл нуурыг хамгаалахад
гол ажлыг гүйцэтгэх учиртай иргэд, олон нийтийн байгууллага, ТББ-уудыг
оролцуулсан төр, хувийн хэвшлийн түншлэлийг ханган ажиллахаар болов.
Зөвлөмжид тусгасан ажил, үйл ажиллагааг гүйцэтгэхэд салбарын яам БОАЖЯ-наас Ажлын хэсэг байгуулан гаргаж хянан ажиллана. Улмаар Хөвсгөл нуурыг хамгаалах Үндэсний хөтөлбөр гарган хэрэгжүүлнэ гэдгийг сайд Б.Бат-Эрдэнэ тодотголоо. Зөвлөмжийг дор бүрэн эхээр танилцуулж байна.
НЭГ. ХӨВСГӨЛ НУУРЫН ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР:
Хөвсгөл нуурын экосистемийн төлөв байдлын байнгын
мониторинг судалгаа, шинжилгээ хийх чиг үүрэг бүхий судалгааны төв байгуулах;
Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль, эрх зүйн орчныг
боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг тусгай
хамгаалалттай газрын жишиг загвар болгон хөгжүүлэх талаар цогц төлөвлөгөө
боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах;
Хөвсгөл нуурын экосистемийг бүхэлд нь хамгаалах, биологийн
олон янз байдал, байгалийн унаган төрхийг хадгалах зорилгоор улсын тусгай
хамгаалалттай газрыг өргөтгөх;
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар болон орчны
бүсийн Хатгал тосгон, Ханх, Алаг-Эрдэнэ сумын хог хаягдлын менежментийг
сайжруулах, хатуу хог хаягдал боловсруулах стандартын шаардлага хангасан
байгууламж байгуулах;
Хөвсгөл нуурын экосистемийн үнэ цэн, нуурыг хамгаалах,
экологийн боловсрол олгох, аялал жуулчлалд оруулах хувь нэмрийг сурталчлах,
таниулах ажлыг зохион байгуулах;
Хөвсгөл нуурын экологийн эрсдэлийн үнэлгээ, мониторингийн
технологи боловсруулах төсөл хэрэгжүүлэх;
ХОЁР. ХӨВСГӨЛ НУУР ОРЧМЫГ ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС
БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР:
Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтын бүсэд газар
олголтыг цэгцэлж, шинээр газар олгохыг зогсоох;
“Хөвсгөл нуурын Эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх
төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх;
Аялал жуулчлалын стандартын шаардлагыг шинэчлэн боловсруулж
мөрдүүлэх, шаардлага хангаагүй жуулчны баазуудын зөвшөөрлийг цуцлах, гэр
кэмпийн үйл ажиллагааг хориглох хүртэл арга хэмжээ авах;
Аялал жуулчлалын баазын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь
ангилан ялгах, бууруулах, дахин боловсруулах цогц менежментийг хэрэгжүүлэх;
Жуулчдад зориулсан соёл, аялал жуулчлалын мэдээллийн төвийг
Хатгал тосгон, Ханх суманд байгуулах, тусгай сонирхлын аяллын жим, отоглох
цэгийн тоог нэмэгдүүлэх;
Хөвсгөл нуурыг хамгаалах нөлөөллийн ажлыг зохион байгуулж,
орон нутгийн иргэд, залуучуудыг хамруулах;
Нуураас татаж гаргасан Сүхбаатар хөлөг онгоцыг аялал
жуулчлалын үзмэр болгох зорилгоор төлөвлөлт хийж дэд бүтцийн асуудлыг
шийдвэрлэх, нэгдсэн авто зогсоол байгуулах;
ГУРАВ. ХӨВСГӨЛ НУУРЫН УСНЫ БОХИРДОЛ, ЧАНАРЫН АСУУДЛААР:
Хөвсгөл нуурыг үндэсний бахархалт нуур болгох;
Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын
бүсийг тэмдэгжүүлэх, дэглэмийг мөрдүүлэх, үүссэн зөрчлүүдийг арилгах арга
хэмжээ авах;
Усан тээврийн үйл ажиллагаанд олон улсын стандарт
нэвтрүүлэх, мөрдүүлэх, бүртгэлийг шинэчлэх, усан зогсоолын цогцолбор болон авто
зогсоолын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх;
Нуур орчмын нүхэн жорлон, стандартын бус бохирын цооногийг
устгах, хориглох, нийтийн зориулалт бүхий газруудад эко ариун цэврийн
байгууламжууд байгуулах;
Хөвсгөл нуурын ёроолын иж бүрэн судалгаа хийж, усны нөөц,
чанарт үзүүлэх эрсдэлийг бууруулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
Ханх, Хатгал сумын ундны ус хангамжийн асуудлыг иж бүрэн
төлөвлөж шийдвэрлэх, ус, ариун цэврийн байгууламжийг нэгдсэн системд оруулж
өгөх;
Хөвсгөл нуур ус судлалын өртөөний “Усны чанарын хяналтын
лаборатори”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлж, дүн мэдээ боловсруулах, хяналт
шинжилгээний цар хүрээг нэмэгдүүлэх;
ДӨРӨВ. ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН МАШИН, ТЕХНИКИЙГ ТАТАН
ГАРГАХ ТАЛААР:
Нуурт живсэн тээврийн хэрэгслийн байршил, гүнийг нарийвчлан
тодорхойлж, зураглал, суурь судалгаа хийж, живсэн тээврийн хэрэгслийг 2024 оны
дотор үе шаттай татан гаргах ажлыг аюулгүй байдлыг ханган зохион байгуулах;
Хөвсгөл нуур орчмын гамшгийн эрсдэлийн болон татан гаргах
ажиллагааны эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийж, эрсдэлийг бууруулах арга
хэмжээг авч хэрэгжүүлэх;
Усны гүнд эрэн хайх, аврах тусгай зориулалтын техник, тоног
төхөөрөмж худалдан авах, усан дор хайгуул судалгаа хийх, татан гаргахад
шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх;
Усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалт, бүрэн бүтэн
байдал, аюулгүй ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;
Нуурын мөсөн дээгүүр автомашинтай зорчих, тээвэр хийхийг
хориглох /хязгаарлах/, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулах зэрэг
урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хяналтыг сайжруулахаар боллоо.