Ази тивийн сүүний түншлэлийг өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн сүүний
түншлэлийн нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг өргөжүүлж буй талаар
ХХААХҮЯ-наас мэдээллээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар
болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Ази тивийн сүүний
түншлэлийн нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотод байгуулсан. Уг газрын үйл ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй
гэж Засгийн газрын энэ оны 2
дугаар сарын 23-ны хуралдаанаар үзэж тогтоол баталсан юм.
Ази тивийн сүүний түншлэлд одоогоор Монгол, Энэтхэг, Хятад, Филиппин, Бутан, Вьетнам, Тайланд, Афганистан, Непал, Индонез, Шри Ланка, Бангладеш, Мьянмар зэрэг улс нэгдэж ороод байна. Монгол Улсын олон талт гадаад бодлогод тулгуурлан тус түншлэлд Ази тивийн бусад улс орныг урьж хамтран ажиллах, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, түншлэлийн нарийн бичгийн дарга нарын газрыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь тууштай дэмжих, тогтвортой хөгжүүлэх нөхцөл, боломж бүрдэж байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв.
Ази тивд дэлхийн хүн амын 60 гаруй хувь оршин сууж, дэлхийн
нийт сүү үйлдвэрлэлийн 40 гаруй хувийг нийлүүлж байна. Иймд бүс нутагт хамтран ажиллах Монгол Улсын
санаачилга, манлайлал, идэвхтэй оролцоо чухал байна гэжээ.