Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих хөтөлбөрийг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-03 16:17:58

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсад “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих замаар ногоон ажлын байр бий болгох” үндэсний хөтөлбөрийг өнөөдрөөс албан ёсоор эхлүүллээ.


Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилттэй, UNIDO-гоор дамжин 2025-2029 онд хэрэгжих энэхүү төслийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагаа төв болон “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлэх аж. Уг төсөл нь Монголд цэвэр технологийн инновацыг хөгжүүлж, гарааны болон жижиг, дунд бизнесийн өсөлтийг дэмжих, бодлогын уяалдааг хангах, ногоон ажлын байр бий болгох зорилготой юм.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ярихдаа, “Энэ бол жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр үндэсний хэмжээний томоохон ажлуудын нэг юм. Учир нь, төслийн гол цөм нь ЖДҮ рүү чиглэж байгаа. 2016 оны хямрал, коронавируст цар тахлаас үүдэн манай ЖДҮ-чид маш хүнд байдалтай болсон. Зарим нь бүр хаалгаа барьсан. Ийм хүнд үеийн араас энэхүү төсөл хөтөлбөрийг эхлүүлж байгаа нь маш чухал юм. Төсөл хэрэгжих дөрвөн жилийн хугацаанд 1.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Өнөөдөр Монгол Улсын экспортын 92 хувийг уул уурхай, 8 хувийг хөнгөн салбарын бүтээгдэхүүн эзэлдэг. Энэ баланс маш алдагдалтай байгаа учраас бид жижиг, дунд үйлдвэрэлээ дэмжих ёстой. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн ямар нэгэн халамж хүсдэггүй, бүхнийг өөрсдөө бий болгодог учраас аль ч оронд стратегийн чухал салбар байсаар ирсэн. Энэ хөтөлбөрийг цаашид улам томруулж, үргэлжлүүлэн үндэсний хэмжээнийх болгох хэрэгтэй” гэв.


“Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн, “Төсөл нь Монголд цэвэр технологийг нутагшуулах, гарааны бизнес эрхлэгчдийг цэвэр технологид сургаж хөгжүүлэхийн сацуу тодорхой хэмжээний санхүүжилт өгөх зорилготой. Төсөл нь гурван хэсэгтэй. Эхлээд мэргэжилтнүүдийг сургана. Тэднээр дамжуулан гарааны бизнес эрхлэгчдийг цэвэр технологид сургаж хөгжүүлэх юм. Төсөлд хамрагдахын тулд байгаль орчинд ээлтэй бизнес эрхэлж байх ёстой. Мөн гарааны бизнест нь цэвэр технологи нэвтрүүлэх боломжоор хангасан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, байгаль орчинд ээлтэй бизнес эрхэлдэг байх ёстой гэсэн үг. Цэвэр технологийн хамгийн сайн жишээнүүд Европын орнуудад түгээмэл бий. Тэд саарал усыг маш сайн ашигладаг, ус ашиглаж эрчим хүч гаргаж байна. Тиймээс манайд энэ төрлийн бизнес эрхлэгчид бидэнд нээлттэй хандаж болно” хэмээн ярилаа.


“Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих замаар ногоон ажлын байр бий болгох” хөтөлбөрийн нээлтийн үеэр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэгт зурж баталгаажуулсан бөгөөд “Голомт”, “Хаан” банк болон “Транскапитал”, “Инвескор” банк бус санхүүгийн байгууллага, Зээлийн батлан даалтын сан, Монголын тогтвортой санхүүгийн холбоо зэрэг байгууллага оролцжээ. Эдгээр нь цэвэр технологийн гарааны болон ЖДҮ-үүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмж, ногоон бизнесийн өсөлтийг дэмжихэд чиглэх юм. Уг хөтөлбөрийн хүрээнд 2600 гаруй ЖДҮ-д хүргэхээс гадна оролцогчдын 40 хувь нь эмэгтэй, 30 хувь нь залуучууд байх бөгөөд инновацын цэвэр технологиор дамжуулан 90 мянган тонн гаруй нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилготой ажээ. 









相关新闻