Ногоон бүсийн туруутан амьтдад хужир, давс тавьж өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгалийн амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна.
Нийслэлийн Байгаль орчны газраас энэ өдөр ой,
уулын туруутан амьтдын байршил нутагт идэш тэжээлийн
дэмжлэг үзүүлэх био-техникийн үйл ажиллагаа зохион байгуулж эхэллээ.
Өвөл, хаврын тарчиг цагт туруутан амьтад эрдсийн
дутагдалд орж, тарга тэвээрэг муудан, идэш тэжээл хайж, суурьшлын бүсэд орж ирдэг. Ингэхдээ зэрлэгшсэн нохойд бариулах
эрсдэлтэй байдаг. Үүнээс урьдчилан
сэргийлэх хүрээнд халиун буга, аргаль хонь, бор гөрөөсний тархац нутаг болох
Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ногоон бүс дэх 8 цэгт хужир, давс байршуулж байна.
Эхний ээлжид Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 2 цэгт нэг тонн хужрыг шинэлэг хувилбараар буюу унанги мод хожуулыг ашиглан, хөрсөнд шингэж уусахаас сэргийлж, хүртээмжтэй, тогтмол сэргээх боломжтой байдлаар тавьж өглөө. Цаашид энэ ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг нийслэлийн БОГ-аас мэдээлэв.