М.Хуягбаатар: Мөсний баяраа Хөвсгөл нуураа хамгаалах уриан дор хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-03-03 16:08:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өнөөдөр “Хөх сувд-2022” мөсний баяр эхэлж байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой уг үйл ажиллагааны талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатараас тодрууллаа. Тэрээр саяхан болсон “Хөвсгөл нуурыг хамгаалах Үндэсний чуулган”-д аймгийн төлөөлөгч нараа тэргүүлэн оролцсон юм.




-Мөсний баярт оролцогчдын тоо нэмэгдэж байгаа юу? Энэ жил хэр зохион байгуулж байна вэ?

-Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ баяр цар тахлын улмаас хоёр жил өнжсөн. Ер нь бол оролцогч нарын тоо 15 мянга хүртэл нэмэгдэж ирсэн. Мөсний баяр бол Хөвсгөл аймгийн төдийгүй Монгол орны аялал жуулчлалын онцгой өвөрмөц эвэнт юм. Өвөл болдоггүй улс орнуудад ийм баяр хийх гэж мянган жил ч мөрөөдөөд чадахгүй шүү дээ. Ийм сайхан байгаль, цаг уур бидэнд байна. Түүнийг танин мэдэж, сайхныг нь мэдрүүлэх нь өөрөө байгалиа хамгаалах том арга ажиллагаа. Энэ үүднээс энэ баярыг тэмдэглэдэг. Үүнийг хүмүүс ойлгох учиртай. Гэтэл бас нөгөө талаар мөсний баяр Хөвсгөл нуурыг бохирдуулах бас нэг эх үүсвэр болж байна гэж зарим хүн шүүмжлэлтэй ханддаг.




Бид байгаль бохирдоно гээд сөрөг үр дагаврыг нь хараад юу ч хийхгүй байвал Монгол Улс хөгжихгүй. Бид Хөвсгөл нуурыг хамгаална. Энэ хамгааллын хүрээнд мөсний баяраа зохион байгуулна. Хүмүүсийн санаа тавиад байгаа асуудлыг анхаарч, аюулгүй байдал, бохирдлын асуудлыг нэн тэргүүнд анхаарч байна. Автоашин, тээврийн хэрэгслийг далайн эрэг дээр нэгдсэн зогсоол байгуулан байрлуулж байна. 

Бие засах явуулын жорлонгуудыг байрлуулж ажиллуулахаар хувийн хэвшилтэй гэрээ хийгээд хамтран ажиллаж байна. Ирсэн зочдоо бухимдуулахааргүй хэмжээнд зохион байгуулахын тулд Хөвсгөлийн олон арван байгууллагын хэдэн зуун хүн ажиллаж байна.

-Хөвсгөл нуурыг тойрсон олон асуудал бий. Тэдгээрийг хэлэлцэн шийдэх санал санаачилгыг анх удаа төрийн дээд хэмжээнд гаргаж, үндэсний хэмжээнд ярилаа.  Үр дүнг хэрхэн тодорхойлж байна вэ? Таны хувьд хамгийн түрүүнд ямар асуудлыг хөндөн шийдэх ёстой вэ?

-Нутгийн удирдлагын гэхээсээ илүү хувь хүний байр суурийг илэрхийлэхэд энд газрыг замбараагүй  олгож ирсэн. Үүнтэй холбоотой нутгийн иргэд, ААН-ийн хооронд их зөрчил үүсдэг. Нөгөө талаар газар авч чадахгүй байгаа нутгийн иргэд, нутгийнхан дураараа хашаа барих, хашаагаа томсгох гээд эмх зарбаагүй байдал бий болж байна. Газар олголтыг журамлах, өмнөх олгосон шийдвэрийг эргэж харах, цэгцлэх нь чухал. Энэ талаар харин Үндэсний чуулганаас дахин газар олгохгүй, олгосныг цэгцлэх гэсэн шийдвэр гарсан. Үндэсний хэмжээнд нийт бүх талыг оролцуулсан, тэр дундаа нутгийн иргэдийн бүх төлөөллийг оролцуулан хэлэлцүүлсэн нь өндөр үр дүнтэй байна гэж итгэж байна.




Хоёрт, эко ариун цэврийн байгууламж, түүнд тавих хяналт шалгалт чухал байна. Бохироо зөөхөөс төвөгшөөдөг үү, буруу хийснээс болдог уу бохироо хөрсөндөө шингээгээд байна. Хог хаягдал дээр мөн асуудал бий. Ер нь Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах ажлыг нутгийн иргэд дээр түшиглэж хийх нь маш чухал. Тэд үеийн үед Хөвсгөл нуурыг хамгаалсаар ирсэн. Дээр нь Хөвсгөл нуур өөрөө яагаад ариун дагшин байх ёстой, бид юуны учир хайрлаж хамгаалах ёстой вэ гэдгийг таниулсан сурталчилгаа их хэрэгтэй. Үүнийг бид энэ удаагийн мөсний баяр дээр мөн хэлж “Цэнгэгээс цэнгэг, цэврээс цэвэр” уриатай эхэлж байна. 







相关新闻