Зураач Р.Сэнгүм хоёр дахь үзэсгэлэнгээ гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУЭ-ийн гишүүн, МУСТА, залуу зураач Р.Сэнгүм “Үүлэн зардас” бие даасан хоёр дахь уран бүтээлийн үзэсгэлэнгээ Монгол арт галерейд маргааш нээнэ.
Тэрбээр үзэсгэлэндээ дотоод ертөнц дэх үзэсгэлэнт байгаль, бодол сэтгэгдлийг тусгасан 40 гаруй шинэхэн бүтээлээ дэлгэх юм.
Зураач Р.Сэнгүм 2010 онд ДУДэС-ийн Чимэглэх урлагийн ангийг төгсөн сургуульдаа багшилж байгаад 2013 онд Үлэг гүрвэлийн төв музей, 2019 оноос Байгалийн түүхийн музейд ажиллаж байна.
МУЭ-ээс зохион байгуулдаг уламжлалт “Намар”, “Хавар”, “Шинэ бүтээл”, “Гранд арт”, “Алтан бийр” болон Д.Амгалангийн нэрэмжит ДУА-ийн багш нарын “Орон зай” үзэсгэлэн, “Нэг хэсэг’’, “Тэмүүлэл”, “Монгол шувуулахуй” хамтарсан үзэсгэлэнд оролцжээ. Мөн Япон улсад болсон “Фүжи уулын 14 төрх”, Дэлхийн банкнаас АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулсан Монгол зураачдын хамтарсан үзэсгэлэнд амжилттай оролцсон юм.
Ташрамд дурдахад, тэрбээр 2019 онд анхны үзэсгэлэнгээ өөрийн хайртай өвөө Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан гаргаж байв.