Малчин эмэгтэйчүүдийн орхигдсон эрх

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-14 22:15:28

Завхан/МОНЦАМЭ/. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд Монголын хүн амын тэн хагасыг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл олон улсын дунджаас бага байгаа боловч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, 2008 онд УИХ-д ердөө гурван эмэгтэй гишүүн байсан нь эдүгээ 13 болсон. Орон нутгийн сонгуулиар ч нэр дэвших, сонгогдох эмэгтэйчүүд нэмэгдсээр эдүгээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 27.1 хувийг бүрдүүлж байна. 

Гэвч эдийн засгийн боломж, боловсролын ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголт зэрэг шалтгаанаар шийдвэр гаргах түвшинд малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байсаар байна. Энэ асуудлыг сөхөж, малчин эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлын талаар ярьж, шийдвэрлэх дуу хоолойг сонсож эхлэхгүй бол орон нутаг дахь хүйсийн тэгш бус байдал гаарч, нийгмийн олон асуудлын суурь нөхцөл болох эрсдэлтэй байгааг энэхүү бичвэрээр хүргэхийг зорилоо.  

 

Манай улсын ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь 2021 оны байдлаар мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байна. Нийт малчдын 40.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа юм. Гэсэн ч малчин эмэгтэйчүүд хуулиар олгогдсон улс төрийн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгааг сум, аймгийн ИТХ-д сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас харж болно. Тухайлбал, Завхан аймгийн ИТХ-ын 2021 оны судалгаанаас үзэхэд аймгийн 24 сумын ИТХ-ын нийт 451 төлөөлөгчийн ердөө дөрөв нь л малчин эмэгтэй байна.


 

Шийдвэр гаргах түвшинд малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл яагаад бага байна вэ?

 

“Манай багийн малчдын хувьд эмэгтэйчүүд гэхээсээ илүү эрэгтэй малчдыг өөрсдийн төлөөлөл болгох сонирхолтой байдаг. Учир нь эмэгтэйчүүд ар гэрийнхээ өдөр тутмын ажлаасаа шалтгаалаад шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоогоо хангаж чадахгүй гэж үздэг” хэмээн Дөрвөлжин сумын Онц багийн малчин Б.Зоригоо хэлэв. Тэрээр өнгөрсөн 2020 оны орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлээд сумынхаа ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. Өмнө нь дөрвөн жил багийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Зоригоо:

-“Уг нь сонгуульд өрсөлдөх боломж хүн бүрд бий. Ялангуяа малчин эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлуудыг эмэгтэйчүүд л мэднэ шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оролцуулах гарц гаргалгааг нээж өгөх юм сан гэж боддог” гэв.

 


Малчин эмэгтэйчүүд хөдөө мал маллах, малын ашиг шим боловсруулах өдөр тутмын ажлаа хийж бусад нийгмийн харилцаанд оролцож чадахгүй байдгийг, мөн хуулиар олгогдсон сонгогдох эрхийн талаарх мэдлэг ойлголт бага байдгийг Хүний эрхийн үндэсний комиссын судалгаанд оролцогч аймаг, сумын удирдлагууд онцолжээ. Түүнчлэн нэр дэвшсэн малчин эмэгтэйчүүдээ “дээд боловсролгүй” гэсэн шалтгаанаар сонгож дэмждэггүйгээс шийдвэр гаргах түвшин дэх малчин эмэгтэйчүүдийн оролцоо бага байдгийг тэмдэглэсэн байна.

...Уг судалгааны хүрээнд санал асуулгад хамрагдсан 631 малчин эмэгтэйн 4.8 хувь нь боловсролгүй, 13.1 хувь нь бага боловсролтой, 17.6 хувь нь суурь боловсролтой, 45.2 хувь нь бүрэн дунд боловсролтой гэж хариулжээ. Малчин эмэгтэйчүүд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт хангалттай хамрагдаж чадахгүйгээс мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ бүрэн эдлэх боломжгүй байна. Тухайлбал, 1990-ээд оноос зах зээлийн тогтолцоонд шилжсэний дараа нэгдлийн малыг хувьчилснаар олон тооны хүүхэд мал маллахаар сургууль завсардсан бөгөөд өдгөө 30-40 насны бичиг үсэг тайлагдаагүй малчин залуу олон байна.

 

Малчин эмэгтэйчүүдийн оролцоог хангах нь яагаад чухал вэ?

 

“Малчин эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог хангаж, нэмэгдүүлэх нь хүн бүрийн тэгш эрхийг л хангаж байгаа хэрэг” хэмээн ХЭҮК-ын Завхан аймаг дахь ажилтан, референт Ч.Наранхүү хэлэв.

Ийнхүү тэгш эрхийг хангаснаар малчин эмэгтэйчүүдийн хувьд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломжтойг тэрээр онцолсон. Үүнийг 2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшээд сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Алдархаан сумын малчин Ц.Ариунбилэг ч хэлсэн.

-“Малчдад тулгамддаг олон асуудлыг малчин хүн учраас мэддэг гэж би боддог байсан. Гэтэл миний мэдэхгүй маш олон асуудал малчин эмэгтэйчүүдэд тулгамддаг гэдгийг тэдэнтэй аминчлан ярилцаж байхдаа мэдсэн” гэж Ц.Ариунбилэг хэлж байв. Зарим малчин эмэгтэй эрүүл мэндийн боловсрол, бэлгийн болон нөхөн үржихүйн боловсрол, эрхийн талаарх мэдээллийг цаг тухайд нь авч чаддаггүй. Залуу малчин эмэгтэйчүүдийн хувьд гэр бүлийн харилцааны асуудлаар зөвлөгөө авах эрэлт хэрэгцээ маш их байгааг Ц.Ариунбилэг олж мэджээ. Тиймээс л шийдвэр гаргах түвшинд малчин эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал хэрэгцээтэй байгааг ярилаа. 



Хүний эрхийн үндэсний комиссын судалгаанаас үзэхэд санал асуулгад оролцсон 406 малчин эмэгтэйн 88 буюу 21.7 хувь нь малчин гэдгээрээ ямар нэгэн ялгаварлан гадуурхалтад өртдөг гэжээ. Малчин эмэгтэйчүүдийг улс, аймгийн чанартай уулзалт, зөвлөгөөн чуулганд оролцуулахгүй үлдээдэг. Мянгат малчин, сайн малчин шалгаруулах, алдаршуулах болохоор нөхрүүд нь шагнал, нэр алдар хүндийг хүртээд эхнэрүүд юу ч үгүй үлддэг. Гэтэл малчин эмэгтэйчүүд мал аж ахуйн ажлаас гадна, үр хүүхдээ өсгөх, гэр ахуйн ажил гээд ар гэрийнхээ бүх ажлыг хариуцдаг тухай судалгаанд оролцогчид тэмдэглэжээ.

...Уг судалгааны тайлангаас харахад малчин эмэгтэйчүүд өдөрт дунджаар 15-20 цагийн хөдөлмөр эрхэлж байна. Мөн тэд мал төллөх, сааль сүүний үеэр илүү уртасгасан цагаар ажилладаг. Гэтэл Үндэсний статистикийн хорооны “Ажиллах хүчний судалгаа”-гаар 119 мянган малчин эмэгтэйн гуравны нэг нь л нийгмийн даатгалд хамрагджээ. Орлого хүрэлцдэггүй, бэлэн мөнгөгүй, мөн газар зүйн хувьд алслагдмал, мал хариулах хүн хүч цөөн учраас сумын төв орж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй зэрэг олон бэрхшээлийн улмаас малчин эмэгтэйчүүд нийгмийн даатгалын ашиг шимээс хүртэж чадахгүй өнгөрч байна.

Тиймээс эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, урамшууллын тогтолцоо бий болгох, амрах, сувилуулах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, багасгах, шимтгэл төлөлтийн хугацааг ноос ноолуур, мал нядалгааны үе зэрэгтэй уялдуулан төлөх боломж бүрдүүлэх, төрийн үйлчилгээг тогтмол хүртээмжтэй хүргэх явуулын үйлчилгээ бий болгох шаардлагатайг малчин эмэгтэйчүүд хэлжээ.

 

Энэ мэт малчин эмэгтэйчүүдийн төдийгүй нийт малчдын хэрэгцээ шаардлагыг сумын төвд байнгын оршин суудаг төлөөлөгч, шийдвэр гаргагчид мэддэггүй, анхаардаггүйг Эрдэнэхайрхан сумын Алтан багийн малчин С.Сайхантуяа мөн л хэлэв.

“Малчдад тулгамддаг олон асуудал бий. Манай сумын Алтан багийн нутаг Тээлийн гол, Хар ус нуурыг үзэхээр зуны улиралд гадаад, дотоодын жуулчид, аялагчид их ирдэг. Эдгээр аялагчдын ихэнх нь хогоо ил задгай хаяад явна. Жил бүрийн хог хаягдлаас болж бидний амьжиргааны эх үүсвэр, байнгын оршин сууж амьдарч байгаа бэлчээр нутаг бохирддог” хэмээн С.Сайхантуяа хэлээд, “Үүнийг сумын төвд байнгын оршин суудаг төлөөлөгч, шийдвэр гаргагчид асуудал гэж хардаггүй нь харамсалтай” гэв. “Хэрвээ би сумын ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон бол олон хүн ирж очдог газрууд дээр хогийн нэгдсэн цэгүүд, ариун цэврийн байгууламжийн асуудлыг цогцоор нь шийдэх байсан” гэв. С.Сайхантуяа 2020 оны орон нутгийн сонгуульд багийн иргэдийнхээ дэмжлэгээр нэр дэвшиж өрсөлдсөн боловч сонгогдоогүй юм. 


Малчин эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангах вэ?

 Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг дэмжих, малчдын амьжиргааг сайжруулахад чиглэсэн “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг баталж, 2020-2024 онд хэрэгжүүлэхээр болсон нь сайшаалтай. Гэвч тус хөтөлбөрийг ажил хэрэг болгох нь малчдын шийдвэр гаргах түвшин дэх оролцоог хангахаас эхлэх юм. Баримт судалгаанаас үзэхэд малчид соёлоос хоцорсон, боловсрол, мэдлэггүй учраас шийдвэр гаргах түвшинд ажиллаж чадахгүй гэсэн нийтийн хандлагыг өөрчлөх хэрэгцээ, шаардлага жендэрийн тэгш байдлыг хангахаар зорьж буй Монгол Улсад хамгийн ихээр үгүйлэгдэж байна.


 “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх эрх зүйн орчин хангалттай байх нь чухал. Орон нутагт аймаг сумын ИТХ-д эмэгтэй төлөөлөгчдийг сонгоод, дараа нь шүүмжлээд байдаг. Нийгмийн янз бүрийн салбараас улс төрд орж ирж байгаа хүнд туршлага, мэдлэг, мэдээлэл хэрэгтэй.

Үүнд төр ч анхаарал хандуулах ёстой. Мөн сонгосон ард түмэн ч тусалж дэмжих хэрэгтэй” хэмээн Ч.Наранхүү тэмдэглэв. Тиймээс  малчин эмэгтэйчүүдэд мэдээлэл түгээх, мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх. Нийгмийн идэвхтэй харилцаа, арга хэмжээнд оролцох боломжийг нь хангах хэрэгтэйг тэрээр хэлсэн. “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог яагаад нэмэгдүүлэх гээд байгааг эрэгтэй улс төрчид ч гэсэн судлах ёстой. Мөн малчин эмэгтэйчүүдийн эр нөхөр, гэр бүлүүдийн хандлагад нөлөөлөх нь маш чухал алхам юм” гэж ХЭҮК-ын Завхан аймаг дахь ажилтан, референт Ч.Наранхүү онцлон тэмдэглэлээ.


Эмэгтэйчүүд гэр бүлдээ анхаарал халамж тавьдаг шигээ нийгмийн асуудалд илүү ач холбогдол өгдөг. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгааллын бодлогод түлхүү анхаарал хандуулж, энэ чиглэлд шийдвэр гаргахад нарийн мэдрэмжтэй санаачилга гаргаж нөлөө үзүүлдэг. Энэ бол эмэгтэй хүний нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том үүрэг, оролцоо гэдгийг ч хүний эрхийн референт ярилцлагадаа дурдаж байв. Гэтэл Монгол улсын нийт хүн амын 20 гаруй хувийг эзэлж буй 188.5 мянган малчин өрхийн төлөөлөл, малчин эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцооны талаарх тодорхой баримт судалгаа байхгүй байгаа нь харамсалтай. Малчин эмэгтэйчүүдийн "сонгогдох" эрх орхигдсоор. 


УИХ-Д НЭР ДЭВШИГЧДИЙН ТОО, ХҮЙСЭЭР, НЭР ДЭВШСЭН

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭЗЛЭХ ХУВЬ, СОНГУУЛИЙН ОНООР


УИХ-Д СОНГОГДСОН ГИШҮҮДИЙН ТОО, ХҮЙСЭЭР, СОНГОГДСОН

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭЗЛЭХ ХУВЬ, СОНГУУЛИЙН ОНООР



СУМЫН ИТХ-Д СОНГОГДСОН ХҮНИЙ ТОО, ХҮЙСЭЭР, СОНГОГДСОН

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭЗЛЭХ ХУВЬ, АЙМГААР



УЛААНБААТАР ХОТЫН ДҮҮРГИЙН ИТХ-Д СОНГОГДСОН ХҮНИЙ ТОО, ХҮЙСЭЭР,

СОНГОГДСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭЗЛЭХ ХУВЬ, ДҮҮРГЭЭР

 

Ашигласан материал:

1.Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилт: хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал” судалгааны тайлан

2.Завхан аймгийн ИТХ-ын сумдын ИТХ, БИНХ-ын төлөөлөгчдийн судалгаа тайлан 2019-2021 он

3.Завхан аймгийн эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын “Өрнөх хөгжил сүлжээ”-ний “Нүд нээсэн он жилүүд” ном

4.www.1212.mn

5.https://zavkhan.nso.mn/

6.Завхан аймгийн Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын судалгаа 2020

7.Монгол Улсын жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хураангуй тайлан

8.Жендэрийн тэгш бус байдал 2020

相关新闻