Дэлхийн ойн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-03-21 10:15:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-аас дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгөө хайрлан хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор жил бүрийн энэ өдрийг тэмдэглэж байхаар 2012 онд шийдвэрлэжээ. Манай улс энэ өдрийг 2015 оноос эхлэн тэмдэглэж, иргэд олон нийтийн ойн ач холбогдлын талаарх боловсрол, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлыг хийж ирсэн юм.

Энэ жил Дэлхийн ойн өдрийг олон улсад “Эх дэлхий тогтвортой хэрэглээ” уриан дор, тодруулбал, “Ойн тогтвортой үйлдвэрлэл-хэрэглээ” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Энэ өдөр БОАЖЯ-наас МУИС-д эрдэм шинжилгээний хурал, мөн ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгээс “Мод үржүүлэг” сэдвээр сургалтыг тус тус зохион байгуулж байна.




Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү хэлэхдээ, “Ой нь дэлхийн хуурай газрын экосистемд томоохон байр суурийг эзэлдэг. Ойн экосистемд хүний нийгэм, нийгэм-эдийн засгийн бүх талын гүйцэтгэх үүрэг оролцоо их өндөр байдаг”-ийг онцолж байна. Тэрээр ойн өдрийг олон нийтэд ойлгуулах, экосистемийн гүйцэтгэх үүргийг танин мэдүүлэх, ойн нөөцийг хамгаалж нөхөн сэргээх уриалгыг бүх нийтэд мэдүүлж соён гэгээрүүлэх зорилгын дор тэмдэглэж буйг тодотгож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2030 он хүртэлх хугацаанд нэг тэрбум мод тарих уриалгыг өнгөрсөн онд гаргаж, энэхүү уриалгыг иргэд, ААН-үүд дэмжиж эхэлсэн. Жилд 130 сая мод тарих зорилт тавин ажиллаж байна. 

相关新闻