Дархан-Шарын голыг холбосон автозамын ажил 55 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Шарын гол сумыг холбосон 47 км
шороон замыг хатуу хучилттай болгох ажил 2019 оноос эхэлсэн. 2019-2020 онд
Шарын гол сумын төвөөс аргалын гарам хүртэлх 17.2 км шороон замыг хатуу
хучилттай болгох ажлыг “Төгс зам” ХХК хийж гүйцэтгэсэн.
2021-2022 онд Дархан сумын
төвөөс Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг Аргалын гарам хүртэлх 23 км шороон замыг хатуу хучилттай
болгох, 24.7 метр урт төмөр бетонон гүүрийн ажлыг “Анандын зам” ХХК гүйцэтгэж байна.
Тус компани энэ жилийн ажлаа 2022 оны 3 дугаар сарын нэгнээс эхэлсэн аж. Энэ сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням, аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар замын ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Замын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахуун, материалын үнийн өсөлт тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд ярьж байна. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан зарим хүндрэлүүд гарч байгаа хэдий ч гэрээнд заасан хугацаа буюу 2022 оны 7 дугаар сарын 1 гэхэд 23 км автозам болон төмөр бетонон гүүрээ ашиглалтад өгөхөөр ажиллаж байна гэлээ.