Манай орны 316 гол горхи, 413 булаг шанд ширгээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооны усны тоо бүртгэлийн өнгөрсөн оны дүнгээр 316 гол горхи, 85 нуур, тойром, 413 булаг шанд ширгээд байна.
Усны хамгийн их нөөц Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ, Завхан, Архангай, Баян-Өлгий, Төв, Булган аймагт бий. Монгол орны гадаргын усны нөөцийн 70 хувь Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэгт, нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг эзлэн оршдог.
Жилд дунджаар 564.8 км3 усны нөөц хуримтлагдан бий болдог байна. Үүний 500.0 км3 нууранд, 34.6 км3 гол мөрөнд, 19.4 км3 мөстөл, мөсөн голуудад, 10.8 км3 нь газрын доор агуулагддаг аж. Нийт усны нөөцийн 98 хувь нь гадаргын, 2 хувь нь газрын доорх ус байна.