Долоо хоногт дунджаар 10 гаруй иргэн PCR, 40 гаруй иргэн түргэвчилсэн шинжилгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-04-01 18:49:05

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнөөдөр болсон Шуурхай штабын хуралд аймгийн ЭМГ-аас цаг үеийн мэдээлэл өглөө. Ковид цар тахлын сүүлийн үеийн мэдээлэл болон хүүхэд, багачуудын дунд зонхилон тохиолдож буй томуу, томуу төст өвчлөлийн явцын талаар шуурхай штабын гишүүдэд танилцууллаа.

Манай аймагт таван иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 15 иргэн гэрийн тусгаарлалт байгаа аж. Долоо хоногт дунджаар 10 гаруй иргэн PCR, 40 гаруй иргэн түргэвчилсэн шинжилгээ өгч байна. Батлагдсан тохиолдол он гарсаар 11 дэх 7 хоногт 42 тохиолдол бүртгэгдэж байсан бол 12 дахь 7 хоногт 18 тохиолдол буюу 57.2 хувиар буурчээ. Энэ сараас эхлэн улсын хэмжээнд нэг сарын хугацаатай ковидын эсрэг 3,4 дүгээр нэмэлт тунд хамрагдах иргэдийг идэвхжүүлэх аян зарлагдаж байна. Аяны хүрээнд эрүүл мэндийн газраас явуулын цэг гарган байгууллагуудын ажилтан, албан хаагчдад нэмэлт тунг хийх ажээ. Тиймээс иргэдийг нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Мөн томуугийн өвчлөл хамгийн өндөр дэгдэлтийн үед буюу 3 дугаар сарын 14-нд өвчлөл 14.77 промилл байсан бол 14 хоногийн дараа буюу 3 дугаар сарын 27-нд 12.3 промилл болсон. Харин өнөөдрийн байдлаар хүүхдийн томуугийн өвчлөл 10.000 хүн амд 9.9 промилл болж буурсан талаар Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл мэдээлэл өглөө.

相关新闻