Увс аймгийн эргэн тойронд хилийн бүс нутгийн 7 сая жуулчин байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд чуулж буй “Аялал жуулчлалын Үндэсний чуулган"-д 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар (БОАЖГ)-ын удирдлага, Монголын Аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын хөгжлийн төв зэрэг мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцэж байна. Орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх боломж, нөхцөлийн талаар Увс аймгийн БОАЖГ-ын дарга Б.Энхтуяагаас тодруулав.
-Танай аймаг дотоодын
төдийгүй, хил орчмын, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой. Энэ
талаар хэрхэн ажиллаж байна вэ?
-Манай аймаг ОХУ-ын Тува улстай хиллэдэг. Тодруулж хэлбэл, манай эргэн тойронд хөрш ОХУ-ын 7 сая иргэн амьдардаг, төдий тооны жуулчин бэлэн байна гэсэн үг. Дээр нь тус улсаас худалдаа, арилжаа болон албан ажлаар иргэд байнга зорчдог. Саяхан хоёр улсын хооронд хил нээгдэж Увс аймаг эхний жуулчдаа хүлээн аваад байгаа.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөнд бид орон нутгийн аялал жуулчлалыг “Ус ба аялал жуулчлал” гэсэн малгай зорилтын хүрээнд хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Яагаад ийм уриа бүхий зорилт тавьсан гэхээр Монгол Улсын хэмжээнд усан орчинд аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн таатай нөхцөл бүрдсэн Увс, Хяргас нуур байна. Энэ давуу тал, боломж нөхцөлөө ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ жил манай аймаг аялал жуулчлалд 3 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Үүнийг дээр дурдсан нууруудын эргэн тойронд гадаад, дотоодын жуулчдад зориулсан ая тухтай, таатай орчинг бүрдүүлж тохижуулахад зарцуулах юм.
-Энэ орчинд юу юу багтаж,
юуг шинэчлэх вэ?
-Энд хог хаягдлыг цогцоор шийдэх менежмент хийнэ. Дээр нь замын болон аялал жуулчлалын бүсийн тэмдэг тэмдэглэгээг хийх зэрэг дэд бүтцийн ажлууд ч орж байгаа. Жуулчдыг тойруулахгүйгээр яг зорьсон газарт очих тэмдэг тэмдэглэгээ чухал байдаг. Нуурын экологийн тэнцвэрт байдлыг хадгалж хамгаалах үүднээс эхний ээлжинд нуурын эрэг рүү автомашин оруулахгүй, хаалт хамгаалалт, автозогсоол хийж байгаа. Отоглох цэгүүдийг зориулалтаар ашиглах, нутгийн иргэд аялал жуулчлалаас орлого олох боломж бололцоог нээж өгөх зэрэг ажлыг төлөвлөөд байна.
Ер нь аялал жуулчлалын салбарт, ялангуяа орон нутагт дугуй засвар, үсчин, гоо сайханчаас аваад оролцохгүй хүнгүй, бусад салбарын хамрагдахгүй үйлчилгээ гэж байдаггүй. Гэтэл аймгуудад төр, засгийн аялал жуулчлалын бодлогыг газар дээр нь хэрэгжүүлэгч гээд БОАЖГ болон Тусгай хамгаалалтын газарт ганц хоёр хүн л ажиллаж байна. Боловсон хүчин үнэхээр дутагдаж байна. Тиймээс аялал жуулчлалын холбоод, мэргэжлийн байгууллагууд чадавхтай болж байж бидний хүч нэмэгдэж, хамтран ажиллах боломж нээгдэж сайжирна гэж харж, ингэж хүлээн авч байгаа.
Мөн манай аймаг АХБ-ны санхүүжилтээр
хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлал-II” төслийн хүрээнд Спорт-аялал жуулчлалын цогцолбор
байгуулахаар ирэх сард ажлаа эхлүүлэх гэж байгаа нь томоохон бүтээн байгуулалт
болох юм. Энэ бүхэн хэрэгжээд эхлэхээр манай аймаг руу жуулчдын урсгал нэмэгдэнэ.
Энд бид бэлтгэлтэй байх үүднээс олон ажил төлөвлөж байна.