С.Цацрал: Уур амьсгалын тодорхойлолт, судалгаа нь олон салбарт чухал байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-04-06 16:11:46

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн уур амьсгалын тодорхойлолтыг аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас гаргажээ. Энэ талаарх тодруулгыг Уур амьсгал, үйлчилгээ хариуцсан инженер С.Цацралаас авлаа. 


-Аймгийн уур амьсгалын тодорхойлолтыг гаргажээ. Энэ тодорхойлолтыг жилд хэдэн удаа хийдэг вэ?

-Уур амьсгал бол тухайн газар нутагт цаг агаар урт удаан хугацааны туршид тогтож ирсэн цаг агаарын дундаж нөхцөл байдал юм. Уур амьсгалын өөрчлөлт гэж уур амьсгал байгалийн жам ёсоороо хэлбэлзэх хугацааны туршид хүний шууд болон шууд бус үйл ажиллагааны улмаас дэлхийн хийн мандлын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийн дүнд бий болсон өөрчлөлтийг хэлдэг. Уур амьсгалын тодорхойлолтыг заавал тэдэн жилд нэг удаа хийнэ гэсэн зүйл байхгүй. Манай байгууллагаас 10, таван жилийн давтамжтай гаргаж байгаа. Ер нь уур амьсгалын тодорхойлолтыг гаргаснаар хөдөө аж ахуйд гарах нөлөөллүүд, байгаль цаг уурын өөрчлөлтүүдээс урьдчилан сэргийлэх. Тухайн сар, өдрийн цаг агаарын мэдээллийг гаргахад чухал баримт, судалгаа болдог. Завхан аймаг 82 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай. Хангайн нуруу түүний ноён оргил Отгонтэнгэр /4031м/, Хангайн нуруунаас салбарласан далайн түвшнээс 2500-3100м өргөгдсөн Ганц, Загастай, Дахт, Солонгот, Халзан Согоот зэрэг сүрлэг өндөр уулс даваануудтай.


Хангайн нурууны гол хэсэг, түүний салбар уулсууд оршдог бөгөөд хойд ба зүүн хойд, зүүн хэсгээр Тагна, Булнай, Тарвагатайн, Хангайн нуруу, баруун хойд хэсгээрээ Хан Хөхий, баруун өмнөд хэсгээр Алтайн нурууны салбар уулсаар тус тус хүрээлэгдэн, далайн мандлаас өндөр өргөгдсөн уулархаг гадаргатай. Баруун, баруун өмнөд хэсэгт бага зурвас цөл говийн бүс, их нуурын хотгорт орших тул элсэн цөлийн нөлөө ихтэй. Энд Дөрвөлжин, Ургамал сумын нутаг хамрагдаж, 782,6 мянган га талбайг эзлэх хамгийн хойш түрэн тогтсон Бор хяр, Монголын элсэн цөл үргэлжилдэг.

Завхан аймгийн нутаг дэвсгэр нь Хангайн нурууны усны хагалбар савд багтаж байдгаас усан хангамж нь байгаль газар зүйн бүс болгонд харилцан адилгүй. Хангайн гол нуруунаас эх авсан Идэр, Тэс, Буянт, Завхан голуудтай. Эдгээр голуудад Тэгш, Чигэстэй, Богд, Шар ус, Буянт, Ширээ, Яруу, Зайгал, Хацавч, Зарт, Хожуул зэрэг гол усаа нийлүүлж цутгадаг. Аймгийн нийт нутаг хотгор гүдгэрийн ялгаа ихтэй учраас өвөл, зуны температурын хэлбэлзэл ихтэй байдаг.


Агаарын температур нь аливаа нутгийн уур амьсгалын үндсэн шинжийг илтгэгч гол үзүүлэлт болдог. Олон жилийн агаарын температур 0.7 градусаас хасах 6.9 градус хэлбэлзэнэ. Өөрөөр хэлбэл жилийн дундаж температурын агууриг 7.6 градус болж байна. Жилийн дундаж агаарын температур аймгийн нутгийн баруун, баруун өмнөөс зүүн, зүүн хойшоо хүйтэрсэн тархалттай байна. Жилийн хүйтэн сар нь аль ч нутагтаа нэгдүгээр сар байдаг. Тухайлбал, аймгийн хойд болон зүүн хэсгээр сарын дундаж температур 28-32 градус хүрч, хахир хүйтэн өвөл болдог байна. Зарим хүйтэн өвөл Хангайн нуруу, Тарвагатай, Булнай, Тагнын нурууны сав нутгаар 49-56 градус хүрч хүйтэрдэг. Харин жилийн дулаан сар нь долоодугаар сар байх бөгөөд хамгийн дулаан нь Завхан голын дагуу Монгол элсний ар орчим болон их нуурын хотгорын сав орчмоор 17-21 градус бусад нутгаар 14-18 градус дулаан байдаг. Зуны улиралд хөрсний гадаргад 54-68 градус хүртэл халдаг учраас хөрсний гадаргын температурын хэлбэлзэл бүр ч их буюу 110-127 байдаг.


-Тэгэхлээр харилцан адилгүй агаарын температур, чийгшилтэй гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Аймгийн жилийн дулаан улиралд харьцангуй чийгшил уулархаг нутгаар 40-79 хувь, говь их нуурын хонхорт 25-45 хувь байна. Жилд 30 хувиас бага чийгтэй өдрийн тоо уулархаг нутгаар 50-90 хоног, говь хээрийн нутгаар 80-120 хоног байгаагаас үзэхэд тус аймгийн говь болон их нуурын хонхорт агаар нэлээд хуурай байна. Сүүлийн  жилүүдэд  өдрийн харьцангуй чийгшил 5-8 хувь хүртэл буурах тохиолдол ихэсч байна. Харин хур тунадасны хэмжээ нийт нутгаар харилцан адилгүй байдаг. Хангайн нуруу, Булнай, Тарвагатай, Тагнын нуруу, өндөр уулсын нутгаар 199-238 мм, говь болон их нууруудын хонхроор 83-110 мм, бусад нутгаар 115-192 мм тунадас ордог. Тиймээс мэргэжлийн байгууллагууд болон иргэд, малчид газар зүйн онцлог, уур амьсгал, агаарын онцлогоос хамаарч тухайн газар нутагт газар тариалангийн ажил болон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхдээ судалгаанд үндэслэн үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэсэн үг юм. Мөн мод тарих, зүлэгжүүлэлт хийх, бэлчээр нутгийг сэлгэх өнжөөх, бэлчээр, хөрсийг хамгаалах гээд байгаль орчны салбарын үйл ажиллагаатай салшгүй холбоотой, хэрэгтэй судалгаа бол уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа юм.

Тухайлбал, аймгийн нийт нутагт жилийн дундаж салхины хурд ууландаа 2.0м/с, говь хээрт 3.1м/с хүрдэг. Ялангуяа хавартаа салхи ихтэй байдаг. 15м/с –ээс дээш хүчтэй салхитай өдрийн тоо олон жилийн дунджаар 7-22 байна. Салхины хамгийн их хурд 20-40м/с хүрдэг байна. Шороон шуургатай өдрийн тоо уулархаг болон тал хээрийн бүс нутгаар 29-76 хоног. Харин Улиастай, Дөрвөлжин сумдын нутгаар 80-105 хоног байдаг байна. Өвөл, зунд салхины зонхилох чиглэл солигдож хавар, намар шилжилтийн байдалтай байх боловч орчны урсгал, газар нутгийн нөлөөнөөс өвөрмөц байдалтай байдаг.


Агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1.2 градусаар дулаарсан цаашид дулааралтын эрчимшил нэмэгдэнэ. Агаарын харьцангуй чийгшил 30 ба түүнээс бага байх өдрийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Хур борооны шинж байдал өөрчлөгдөж зүс бороо цөөрч харин аадар бороо орох тохиолдол ихэссэн. Хүчтэй салхи, шороон шуургатай хоногийн тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс бид салбар бүрт, иргэн бүр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эерэг дадлыг бий болгох, тухайн газар нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд мод тарих, ногооруулах, ажлыг эрчимтэй хийх нь чухал юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийг орон нутагтаа, сум бүр ажил хэрэг болгож үр дүнтэй хэрэгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасахад маш чухал нөлөөтэй юм гэдгийг онцолмоор байна. 

相关新闻