Ерөө сумын орчимд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс зүүн урд зүгт 51 километрийн зайд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлт өнөөдөр
11.22 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс
мэдээлэв.
Манай улс төв
Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 болон түүнээс
дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд
нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.
Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 159 396 удаа газар хөдөлсөнөөс хүнд
мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 түүнээс дээш хүчтэй газар хөдлөл 430, үүнээс хоёр
удаа 6 магнитудын хүчтэй газар хөдөлснийг дагасан давтан чичирхийлэл
болсоор байгаа. Нийслэл хот орчмын нутаг дэвсгэрт 2021 онд 1123 газар хөдөлсөн
бөгөөд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар
хөдлөл 5 удаа бүртгэгджээ.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар
хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн
болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн
баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл
барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга
байгууламж нурах аюултай.