Даншиг наадмаар “Сор” зална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-08-01 13:08:22

“Даншиг наадам- Хүрээ цам 2016” шашин соёлын наадам уламжлал ёсоор энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Хүй долоо” худагт болно.

 “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ зохиох тус наадмын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав, Их Шанзодба Л.Ариунжаргал, боловсон хүчин С.Даваапүрэв тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ. "Хүрээ цам" энэ сарын 5-нд Гандантэгчэнлин хийд дээр 1000 гаруй лам ном хурж эхлэх бөгөөд 6-ны өглөө "Хүй долоо" худагт үргэлжлэх аж. Цам нь бурхан шашны бага таван ухааны нэг бүжиглэлийн ухаанд багтдаг байна. Их хүрээ цамыг 1999 онд Д.Данзан, С.Сэрээтэр нарын эрдэмт хуврагуудын удирдлагаар эртний уламжлал ёсны дагуу бүрэн сэргээн дэглэсэн ч олон жил завсардсаны дараа өнгөрсөн жил буюу 17 жилийн дараа дахин сэргээн НЗДТГ болон Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж эхэлжээ.

Цам нь буяныг эрхэмлэгчийн сүсгийг арвитгаж, нүгэлтнүүдийн зүрхийг шимшрүүлдэг үйл юм. Манай оронд “Цам харайх ёс” XVIII зууны эхээр дэлгэрчээ. Анхны цамыг Дээрхийн гэгээн IV Богд Жэвзүндамба хутагтын болгоолтоор Их хүрээнд 1811 онд дэлгэн гаргасан тул түүнээс хойш “Их хүрээний цам” хэмээн ихэд алдаршсан байна. Цам цамнахдаа гар, хөл, биеийн олон хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэхийн зэрэгцээ хортон дайсан ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг үзүүлдэг аж. Мөн энэ үеэр “Линга” эвдэх, “Жахар”, “Сор” залах зэрэг үйлүүдийг үйлддэг байна.

Даншиг наадмын  арга хэмжээнд аялал жуулчлалын үзэсгэлэн, өндөр гэгээний маань татах ёс, цам харайх ёслол болон эрийн гурван наадам болно. Даншиг өргөх ёслол нь Монголын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарыг залах үеэс эхлэлтэй баяр наадам юм. Анх 1639 онд Цагаан нуур хэмээх газар Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэй Халхын хаад, ноёд ба энгийн ард олон цугларч, Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жэвзүндамба хутагтын ширээнд өргөмжилж, наадам үйлдэж байжээ. Энэ наадам нь монгол түмний шашин номын дээд эзэнд зориулсан их баяр ёслол юм. Даншиг гэдэг нь монголоор “Бат-оршил” хэмээх үг аж.

 

М.Үүрийнтуяа

相关新闻