Монголын технологийн 7 хоногийг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-20 12:12:01

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монголын технологийн долоо хоног буюу “TECHWEEK 2025”-ыг өчигдөр Frontier Fintech Summit хурлаар эхлүүллээ.


Энэ үеэр санхүүгийн технологийн компаниуд цуглаж, хиймэл оюун, ногоон санхүү, дижитал мөнгө зэрэг олон талт сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. ЦХИХХ-ны сайд Э.Батшугар хэлсэн үгэндээ, Засгийн газар энэ долоо хоногт мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих, анхны виртуал бүсийг байгуулах шийдвэр гаргасан. Энэ өдрөөс эхлэн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд татварын дарамтгүй, хууль, журмын дагуу төрөөс тодорхой дэмжлэгийг авах боломж нээгдэж байгааг онцолсон юм.


Түүнчлэн Финтекийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн өсөлт, хөгжилд эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар шаардлагатай технологийн суурь дэд бүтэц бий болгох, их өгөгдөл, хиймэл оюуны ашиглах боломжийг ирэх жилүүдэд хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд дотоодын финтекийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд экспортын зах зээлд өрсөлдөх хөшүүрэг болно гэдгийг дурдлаа.


ЦХИХХЯ инновацын шийдлүүдийг төрийн үйлчилгээтэй уялдуулах, иргэдийн цахим аюулгүй байдлыг хамгаалах “Сэндбокс” орчны зохицуулалтыг бий болгох, өгөгдлийг хамгаалах, өгөгдлийн багц буюу (dataset)-ыг эдийн засгийн эргэлтэд оруулах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч байна.


Энэ сарын 19-26-нд зохион байгуулах TECHWEEK-ийн хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтыг газар нь 21 аймаг дахь салбарын байгууллагаараа дамжуулан тухайн орон нутгийн дижитал шилжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байгаа юм. 

相关新闻