“Утга зохиолын 7 хоног” -ийг тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Улсын драмын эрдмийн театрын санаачилга, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгээр, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран энэ сарын 22-28-нд “Утга зохиолын 7 хоног” аяныг зохион байгуулна.
Долоо хоногийн турш өдөр бүр өөр өөрийн онцлог бүхий
хөтөлбөр, мөн уншигч, уран бүтээлчдийг ойртуулах үйл ажиллагаа Улсын драмын
эрдмийн театрын өмнөх талбайд болох юм.
Тухайлбал, Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч, уншигчдын
уулзалт, Төрийн соёрхолт зохиолч Донровын Намдагийн уран бүтээлийг сурталчлах
өдөрлөгөөс гадна “Жүжгийн зохиол бичихүй” сургалт, шинээр бичиж буй болон
сонирхогч бүтээлчдэд практик мэдлэг олгох, “Монголын яруу найргийн гурван үе”-ийн
онцлогийг уран бүтээлчдийн дуу хоолойгоор дамжуулан мэдрүүлэх, уран зохиолын
клубуудын өдөрлөгийг залуу уншигч, сонирхогчдын дунд зохион байгуулна. Мөн зохиолч,
уран бүтээлчдийн дугуй ширээний ярилцлага, жүжгийн зохиолчдын улсын уралдааны
шагнал гардуулах ёслол болох юм. Энэ үеэр “Аз хур” номын дэлгүүр тусгайлан 20
хувийн хөнгөлөлттэй номын худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эх хэл, уран зохиолын боловсролыг дээшлүүлэх, хүүхэд залууст
уран зохиолоор дамжуулан үндэсний сэтгэлгээ, бахархал, эх оронч үзлийг
төлөвшүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн эдгээр үйл
ажиллагаа нь уншигч, уран бүтээлчдийг ойртуулж, үндэсний утга зохиолын үнэ
цэнийг түгээн дэлгэрүүлэх, бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын
бүтээлч үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой аж.