Увс аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Сагил суманд Улаанбаатарын 12.32 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөл тус
сумын төвөөс баруун урд зүгт 23 километрийн зайд болсныг ШУА-ийн
Одон орон, геофизикийн
хүрээлэн мэдээлэв.
Манай улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд
оршдог. Өнгөрсөн зуунд 7 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар
хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт
манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.
Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 159 396 удаа газар
хөдөлсөнөөс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 түүнээс дээш хүчтэй
газар хөдлөл 430, үүнээс хоёр удаа 6 магнитудын хүчтэй газар
хөдөлснийг дагасан давтан чичирхийлэл болсоор байгаа. Нийслэл хот
орчмын нутаг дэвсгэрт 2021 онд 1123 газар хөдөлсөн бөгөөд 3.5 болон
түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 5 удаа
бүртгэгджээ.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар
хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн
болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн
баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл
барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга
байгууламж нурах аюултай.