Рэнчинлхүмбэ сумын сургууль Д.Жигжидийн хөшөөг сүндэрлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын сургууль түүхт 90 жилийнхээ ойгоор Жигжид агсны гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв.
1999 онд Засгийн газрын тогтоолоор нутгийн унаган хүү Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зууны манлай кино найруулагч Дэжидийн Жигжидийн нэрэмжит сургууль болсон билээ. Тус сургууль анх 1926 онд 25 сурагч, 1 багш, 1 ажилчинтайгаар Дархад хязгаарын тэнхим нэртэйгээр байгуулагдан 1927 онд тэнхим сургууль болон өөрчлөгдөж, 1929 онд анхны 3-р ангийг төгсгөжээ. Энэ үйл ажиллагаанд Рэнчинлхүмбэ сумын сургуулийн үе, үеийн төгсөгчид, Д.Жигжидийн гэргий Д.Бадамсүрэн үр хүүхдүүд нь оролцлоо. Рэнчинлхүмбэ сумын сургууль нь 90 жилийн хугацаанд ард түмнийхээ хүүхдүүдийг эрдэм номын эхлэлтэй танилцуулж бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэн 90 жилийнхээ босгон дээр 800 гаруй сурагчтай, 50 багш сурган хүмүүжүүлэгч, 38 ажилтантай болж өргөжин түүхт ойгоо өргөн дэлгэр тэмдэглэлээ.
Б.Гантуяа