Хөвсгөл далайг тахив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-08-03 00:32:48

Хөвсгөл далайд Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Дашчойнпэл дацанд парчэн домын дамжаа барьсан гэвш нар наймдугаар сарын 1-ний орой Ламын чодва, Чогчид, Доо дүд хурж маргааш  өглөө нь Хөвсгөл далайн угаалга, сан, тахилга хийжээ.

Энэ үеэр  Урианхайн лам Санжаадондов хүссэний дагуу Зуугийн лам Балганшадвийдорж (1734-1803 он)-д айлдсан “Хойд зүгийн Хөвсгөл далай, Эг, Мөрөн голыг эрхэм болгосон орны тэнгэр, дэлхийн эзэн нугуудыг тахих ёс сайн амгаланг машид дэлгэрүүлэгч оршвой” хэмээх судраар тахилга өргөжээ. Тус номонд далайн баруунд орших Уран дөш буюу Бүрэн ханы эзэн савдгийг цаст уул адил цагаан өнгөтэй, нэг нүүр, хоёр мутартай, баруун талдаа төмөр шилбүүр, зүүн талдаа илд, алтан жад солбицуулан барьсан, морь унасан, хагас завилсан баатрын дүртэй эрэгтэй савдагтай. Харин Хөвсгөл далайн эзэн савдгийг таван өнгийн торгон өмсгөлтэй, найман гишүүн төгөлдөр далайн дундах охин тэнгэр хэмээгээд лагшингийн өнгө гүн ногоон, баруун талдаа шийдэм далайсан, зүүн талдаа сэрээ атгаж бумба барьсан, эрдэнийн чимгээр хээлсэн усан торгон гүн ногоон өмсгөлтэй. Мөн рид хувилгааны луус хөлөглөсөн, таван өнгийн солонгон дунд олон түшмэл, бараа сэлтийн хамт найман их лус хүрээлэн оршсон эмэгтэй Лхам бурхны дүртэй савдгаар дүрсэлсэн байдаг гэнэ. Зуугийн лам Балганшадвийдорж Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар гөрөөчин хийд, Рашаантын хүрээ, Даяндээрх, Урианхайн Ширхтэн, Мөрөнгийн хүрээ зэрэг Хөвсгөл аймгийн олон сүм хийдэд заларч лүн, ван, номын абшиг хайрлаж байсан гэдэг. Зуугийн ламтан Хөвсгөл далайд морилж даян бясалгалд оршоод “Энэ бол Лхам бурхны орон. Лхам бурхны үүднээс бүтээл, даян бясалгал хийвэл адис жанлав илүү түргэн оршино” хэмээгээд Хөвсгөл далайн сэндэрээр амьтныг яр шарх, өвчин зовлонгоос гэтэлгэж байсан түүхтэй аж. 

Б.Гантуяа

 

 

 

相关新闻