Нийслэлийн ногоон байгууламжийг хоёр дахин нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-03 13:56:52

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг угтан Чингисийн талбайд “Хотын Ногоон шийдлүүд” үзэсгэлэнг нээлээ. 

2014 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж буй Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум энэ сарын 04-05-нд Улаанбаатар хотноо болно.

Уг форумыг угтан эрчим хүчний хэмнэлттэй, шинэ дэвшилтэт технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг нийтэд сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор  энэ сарын 4-нийг дуустал “Хотын Ногоон шийдлүүд” үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.

 “Хотын Ногоон шийдлүүд” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр "Дэлхий нийтийн хотуудын ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох Улаанбаатар хотод тулгамдсан агаар, хөрсний бохирдол зэрэг асуудлыг даван туулахад ихээхэн нөлөө үзүүлж байгаа. Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумаар байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, ногоон технологийг нэвтрүүлэх асуудлыг голчлон хэлэлцдэг. Энэ нь нийслэлээс хэрэгжүүлж буй “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн үндсэн зорилготой нийцэж байгаа нь ихээхэн ач холбогдолтой. Хот ногоон байгууламж ихтэй, амьдрах орчин таатай байвал иргэд аз жаргалтай байна. Нийслэлийн зүгээс хэрэгжүүлж буй “Аз жаргалтай хот” хөтөлбөрт амьжиргааны төслийг дээшлүүлэх, хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх, санхүү, бизнес, хөрөнгө оруулалтын хөгжилд тулгуурлан орон сууцны бодлогын шинэчлэл хийхээр тусгасан. Мөн ирэх 4 жилийн хугацаанд нийслэлийн ногоон байгууламжийг 2 дахин нэмэх зорилго тавьж байгаа. Уг зорилгыг биелүүлэхэд энэхүү үзэсгэлэнд танилцуулж буй ногоон технологийн шийдлүүдийг ашиглаж, аж ахуйн нэгжүүдтэй хамтрах болно” хэмээн НИТХ-ын дарга Ц.Сандуй онцлов.

“Хотын Ногоон шийдлүүд” үзэсгэлэнд “Монголын хог дахин боловсуулах үндэсний холбоо”, “Термигас Импианти технологи”, “Эко ноос” зэрэг дотоод, гадаадын 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, ногоон технологи, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж байна.

Харин маргааш “Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн дор эхлэх Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, БНАСУ зэрэг 20 гаруй орны хотын дарга, аж ахуйн нэгжүүд оролцохоор бүртгүүлээд байгаа юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻