Пусан-Улаанбаатарын шууд нислэг тогтмолжино

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-03 15:30:34

Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Пусан хотын дарга эрхэмсэг ноён Со Бёнсү тэргүүтэй төлөөлөгчийг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хотуудын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, “Найрамдалт харилцаа хөгжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурлаа.

Пусан хотын дарга Со Бёнсү  Нийслэлийн Засаг даргыг цаг зав гарган  хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлээд "Өнөөдөр бид албан ёсоор найрамдалт харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурж байна. Гэхдээ би хотуудын хамтын ажиллагаа эртнээс эхэлсэн гэж боддог. БНСУ-ын Пусан хотод энэ оны нэгдүгээр сараас Монголын Консулын газар үйл ажиллагаа эхэлсэн.  Мөн  Пусан-Улаанбаатарын чиглэлд шууд нислэгтэй боллоо. Ингэснээр Улаанбаатар нь Пусан хот, цаашлаад БНСУ-ын өмнөд хэсэгтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, иргэд харилцан зорчих, аялал жуулчлал хийх боломж бүрдэнэ" гэлээ.

Пусан хот бол Солонгосын  аж үйлдвэрлэл хөгжсөн 2 дахь том хот тул тээвэр логистикийн маш том төв юм. Тиймээс Монгол Улс далайд гарцгүй орны хувьд Пусан хоттой хэрхэн хамтран ажиллах боломжтой вэ гэдэгт нарийн судалгаа хийнэ гэдгийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд онцлов.

Тэрбээр, "Цаашид мэргэжилтэн солилцоог идэвхжүүлэх, хот төлөвлөлт, тохижуулалт, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллаж,  сургалтад хамруулах, туршлага судлах зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байна. Түүнчлэн БНСУ-ын “Айр Пусан” компани 6 дугаар сарын 24-ний өдрөөс долоо хоногт 2 удаа Пусан-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлсэн. Энэ нислэг цаашид тогтмолжино" хэмээв.

Ч.Ариунболд

相关新闻