М.Баянмөнх:Дорноговь аймгийн Засаг дарга үндэслэлгүй захирамж гаргасан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-08-03 17:54:01

Дорноговь аймгийн Засаг дарга хууль бус захирамж гаргасан хэмээн тус аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга асан, Ардчилсан намын дарга М.Баянмөнх өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Түүнийг тамга тэмдэгээ өгөхгүй хил гараад зугтсан гэсэн мэдээлэл гарсан.  Үүнд тэрээр хариулахдаа, "Тийм асуудал байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Би Замын-Үүдээс огт гараагүй. Засаг дарга хэзээ ч тамга барьдаггүй. Би тамга дардаг, хадгалдаг хүн биш. Тусдаа Засаг даргын тамгын газрын дарга гэж хүн бий. Тусгайлсан тамга түших тийм албан тушаалыг заагаад өгсөн байгаа. Тэр хүн л хадгалж, тамга дарах эрх үүрэгтэй. Би  7 дугаар сарын 20-ны өдөр Засаг даргын орлогчид ажлаа  албан ёсоор хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш хуулиараа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэдэлд шилжих юм.  МАН-ын нөхдүүд тамга тэмдгийг авна, М.Баянмөнхийн оронд үүрэг гүйцэтгэгч хүнд нь шилжүүлнэ гэж хэлээд МАН-ын сонгуулийн сурталчилгаа хийж байсан 2 хүн тамга байсан сейфийг эвдэж авсан юм билээ. Цагдаагийн алба хаагчидтай цуг ирж авсан гэсэн. Өөр тодорхой мэдээлэл одоогоор надад алга" гэв.

Мөн тэрээр "Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингийн гаргасан Б28, Б29 захирамж нь ямар ч үндэслэлгүй байсан. Б28-р захирамж дээр намайг дээд боловсрол эзэмшээгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсүгэй гэсэн. Уг заалтын дагуу захиргааны хэргийн шүүх болон иргэний хэргийн шүүхэд хандахад “М.Баянмөнх нь дээд боловсрол эзэмшсэн нь үнэн гэсэн” батламж гарсан. Энэ мэтчилэн төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөхдөө худлаа захирамж гаргахаа болимоор байна" гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон юм. 

                                                                                       М.Үүрийнтуяа

相关新闻