Гадаад урлагийн цуглуулгын дээжээс дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн гадаад урлагийн сан хөмрөгт хадгалж буй бүтээлүүдээр “Гадаад урлагийн цуглуулгын дээжис" үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.
Тус үзэсгэлэнг Олон улсын музейн өдөр, Олон улсын музейн зөвлөлийн 75 жилийн ойг тохиолдуулан “Музейн хүч нөлөө” уриан дор “Хүмүүс хоорондын Энхтайванг цогцлоох хөдөлгүүр нь соёлын солилцоо” зорилгын хүрээнд зохион байгуулж буй юм.
Үзэсгэлэнд дэлхийн урлагийн түүхэнд сонгодог зураг хэмээн алдаршсан сэргэн мандалтын үеийн бүтээлүүдээс гадна Хятад, Япон, Вьетнам, Болгар, Герман, Итали, Испани зэрэг 23 улсын гоёл чимэглэл, гар урлал, уран зургийн репордукц зэрэг 90 гаруй үзмэр бүтээлийг дэлгэжээ.
Үзэсгэлэн 10 хоногийн турш олон нийтийн хүртээл болно.