Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг журамлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар хотын Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдрийн байдлаар нийт 263 дуудлага иржээ.
Эдгээрээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 10 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Харин зам тээврийн осолд сургуулийн насны нэг хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг журамласан байна. Тодруулбал, СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн хойд уулзварт "Prius" маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан 15 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн аж. Мөн СХД-ийн нутаг Ард Аюушийн өргөн чөлөө 2-р байрны урд замд "Samsung SM5" маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 27 настай эрэгтэй Ц-г мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.
Эхний 7 сарын байдлаар зам тээврийн гэмт хэрэг 1027 бүртгэгдэж ослын улмаас 198 хүний амь нас хохирч , 708 хүн гэмтсэн байна. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулбал гарсан гэмт хэрэг -17,8 хувь, нас баралт -22,4 хувь, гэмтсэн хүн -11,8 хувиар буурчээ. Нийт нас барсан хүнд хүүхдийн эзлэх хувь нь 14.1 буюу 28 хүүхдийн амь нас хохирсон, гэмтсэн хүний 19.1 хувь нь буюу 135 хүүхэд хүнд гэмтсэн гэж албаныхан мэдээллээ.
М.Үүрийнтуяа