Тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй Нийтийн тээврийн “BRT төсөл”-ийн талаар санал солилцохоор Манила дахь төслийн багийн ахлагч Ким Кижүнийг хүлээн авч уулзлаа.
Төслийн багийн ахлагч Ким Кижүн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам хамтран 2009 оноос тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай зөвшилцөж, судалгааг эхлүүлсэн байна. Гэвч долоон жилийн хугацаа өнгөрөхөд бүтээн байгуулалтын ажил эхлээгүй аж. Тиймээс төслийг цаашид богино хугацаанд хэрэгжүүлж дуусгах талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.
НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Дэлхийн томоохон хотуудад замын хөдөлгөөний түгжрэл, нийтийн тээврийн асуудал тулгамдсан асуудлын нэг байдаг. Гэхдээ тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлснээр асуудлаа бүрэн шийдэж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Тиймээс нийтийн тээвэрт дэвшил авчрах төслийг үргэлжлүүлэх бодолтой байна. Юуны түрүүнд төлөвлөлт, судалгааг эргэн харж, ажлын хэсгийн хүрээнд ярилцан тохиролцох хэрэгтэй” гэв.
Тусгай замын гэгдэх нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулдаг төдийгүй нэг чиглэлд 8000-25000 зорчигч/цаг тээвэрлэх хүчин чадалтай аж. Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 215.9 сая ам.доллар, Дэлхийн байгаль орчны байгууллагын буцалтгүй тусламжаар 1.5 сая ам.доллар, Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гурван үе шаттай хийхээс эхний ээлжийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг УИХ-ын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталжээ.
М.Үүрийнтуяа