“Эхийн алдар” одон хүртсэн эхчүүдээс хамгийн залуу нь 26 настай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-05-31 15:33:08

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан.

Энэ жил “Алдарт эх”-ийн одонгоор Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 301 эх, үүнээс I зэргийн одонгоор 16 эх, II зэргийн одонгоор 285 эхийг шагнууллаа. Одон гардуулах үйл ажиллагааг гурван хэсэг болгон зохион байгуулав. “Алдарт эх” I, II зэргийн одонг аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир, Дархан сумын засаг дарга Т.Тулгаа нар гардуулан өглөө.

Одонтой эхчүүдийн хамгийн залуу нь 26 настай бол хамгийн ахмад нь 41 настай байна.

Шагнал гардуулах үеэр аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжлан Монголынхоо бүх сайхан эхчүүдэд удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүллээ.

相关新闻